УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар салбарын ажилтнуудтай уулзаж санал бодлыг нь сонсохоор төлөвлөжээ. Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг Эх үрсийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан билээ. Тиймээс МАН-ын бүлгээс уг салбарынхантай уулзаж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг нь сонсох нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээллээ. Тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын томилгоотой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хамтран Эрүүл мэндийн сайдад хандан асуулга тавиад байгаа юм.
Эрүүл мэндийн салбарынхантай уулзахдаа энэ салбарын боловсон хүчний сургалт, судалгаа, ямар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх бөгөөд холбогдох хуулийн төслийг боловсруулах юм байна.