Хөлбөмбөг хэмээх спорт дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, хүн төрөлхтний ¹1 спорт гэгдэх болсон. Тэгвэл Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин “Краби ФЦ” багийн довтлогч А.Мөрөнтэй ярилцлаа.
-Мэргэжлийн хөлбөмбөгчин болсонд тань баяр хүргэе. Энэ спортод хөл тавьсан үеэ дурсахгүй юу?
-Тэр үед хөлбөмбөгийн баг, клубууд их цөөхөн байсан. Бусад хүүхдүүдийн л адил гудамжиндаа тоглож өссөн дөө. Би Дамбадаржаад өссөн болохоор тэндээ л тоглодог байсан. Харин 2000 оны УИХ-ын сонгуульд манай тойргоос нэр дэвшсэн Д.Мөрөн гэж хүн хөлбөмбөгийн талбай байгуулж өгсөн. Гэхдээ яг тэр үед нь би мэдээгүй юм. Гэтэл манай нэг найз “Манай энд хөлбөмбөгийн талбай байгуулагдчихаж” гэж хэлсэн.
Тэр мэдээг сонсоод есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээр өмсөх гэж байсан шинэ пүүзээ аваад л тийшээ очиж байлаа. Ер нь тэнд л тоглоно. Өглөө 10:00 цагт гараад, оройн 22:00 цагт гэртээ ордог байлаа. Бараг л тэр талбайд амьдарч байсан гэхэд хилсдэхгүй. Тэнд миний бага нас өнгөрсөн гэж болно.
Харин дараа нь тавдугаар сургуулийн Ч.Шархүү багшийн секцэнд орж, тэнд бэлтгэл хийдэг болсон. Багш маань миний хувьд хамгийн сайн мэргэжлийн багш байж чадсан. Жинхэнэ хөлбөмбөгчин хүний эзэмших ёстой техник, арга барил гээд л бүхнийг зааж сургасан.
-Хүүхэд бүр л багадаа хөлбөмбөг тоглодог. Гэхдээ мэргэжлийн хэмжээнд хүртэл явсан нь цөөхөн. Энэ спорттой амьдралаа холбоход юу нөлөөлсөн бол?
-Хөлбөмбөг бол гайхалтай спорт. Багадаа гудамжиндаа тоглож байхдаа хөлбөмбөгчдийг дууриаж чулуу тавьж байгаа сүлжиж гүйдэг байлаа. Дамбын талбай дээрээ тоглох үедээ тэр хавийнхаа хүүхдүүдийн дунд нэртэй болж эхэлсэн. А.Мөрөн ёстой мундаг, манай баг авна гэх зэргээр тэр хавьдаа л үнэд ордог байлаа.
Хөлбөмбөг өөрөө багийн спорт учраас найз олонтой болно. Тэгээд ч би хөлбөмбөг тоглож байхдаа өөрийнхөөрөө байгаагаа мэдэрдэг. Тайван, аз жаргалтай болдог гэх үү дээ. Ер нь энэ спорт намайг татсан гэж болно.
-Одоо хүчин зүтгэх гэж байгаа “Краби ФЦ” багийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Манай баг 2009 онд байгуулагдсан, Краби гээд хотынхоо нэрээр нэрлэгдсэн баг байгаа. Байгуулагдсанаасаа хойш лигтээ маш амжилттай тоглож, одоо нэгдүгээр зэрэглэлд орсон. Надаас гадна Нигерь, Бразил болон Япон гээд ерөнхийдөө легионер олонтой мэргэжлийн баг. Мөн энэ жилээс “Тай пример лиг” буюу улсынхаа дээд лигт дэвшин тоглох гэж байна.
-Та ч мэргэжлийн хөлбөмбөгчин болчихлоо. Гэхдээ хүний шүтээн гэдэг хэзээ ч хувиршгүй зүйл. Монголоосоо болон дэлхийн шүтээн болсон тамирчдаас хэнийг нь бишрэн шүтэж, үлгэр дуурайл авдаг вэ?
-Монголоос гэвэл Д.Лхүмбэнгарав, Г.Даваа-Очир, Б.Гарьдмагнай зэрэг мундаг ах нар байна. Харин үлгэр дуурайл авдаг, түүн шиг болохыг хүсдэг хүн гэвэл Роналдино. Тэр бол миний баатар. Би бага байхаасаа л түүний хийдэг хууралт, техник, хөдөлгөөн бүрийг нь сурах гэж дуурайдаг байлаа.
-Хөлбөмбөгийн ертөнцийг тойрсон элдэв сенсациудын хамгийн топ нь хэзээд солилцоо наймаа, үнэ ханш байдаг. Тиймээс “Краби ФЦ” багтай хийсэн таны гэрээний дүнг хүмүүс бас сонирхож байгаа байх. Нууц биш бол хэдэн төгрөгийн гэрээ хийсэн бэ?
-Гэрээ болон цалингийн асуудал нууц гэж болно. Гэхдээ цалингаас гадна бэлтгэлийн бонус гэж мөнгө авдаг.
Өдөрт 500 бат буюу манайхаар долоо хоногт 160 мянган төгрөг болдог. Ойр зуурын хэрэглээний мөнгө гэх юм уу даа. Мөн оруулсан гоолын бонус, сайн тоглосны бонус ч авна. Түүнчлэн тухайн тоглогчийн жерси буюу тоглолтын хувцасны борлуулалт их байвал 10 хувийг нь авдаг.
-Байрлалын хувьд хаана тоглож байгаа вэ?
-Би багтаа 12 дугаартайгаар довтлогчийн байрлалд тоглож байгаа. Хэд хэдэн туршилтын тоглолтод довтолгоонд тоглосон. Уг нь миний хувьд хоёр жигүүрээр тоглодог. Гэхдээ ерөөсөө жигүүрт гаргаагүй.
-Багийнхны хувьд шинэ тамирчин нь монгол хүн гэхээр сонин байсан байх. Ер нь шинэ хамт олон хэрхэн хүлээж авсан бэ?
-Их сайхан хүлээж авсан. Тэр ч бүү хэл шигшээ багийн тамирчин гэдэг үүднээс онгоцны буудалд буухад багийн эзэн өөрөө тосч авсан. Таиландчууд их найрсаг хүмүүс болохоор багийнхан маань их халуун дотноор хүлээж авсан. Олон ч найзтай болж байгаа.
Харин монгол хүн гэдгийг эх оронд нь хөлбөмбөг өндөр хөгжсөн тэд нэг их тоогоогүй.
-Таиландын лиг ер нь хэдийд эхэлдэг юм бол. Бэлтгэл хэр байгаа вэ?
-Лиг хоёрдугаар сарын 21-нээс эхэлнэ. Бэлтгэл хотдоо биш, Бангкокоос хоёр цаг явж хүрдэг бэлтгэлийн баазад болно гэсэн. Одоо очоод л бэлтгэлдээ орно доо.
-Сүүлийн жилүүдэд манайхан хөлбөмбөгийг нэлээд сонирхож байна. Хүүхдүүд ч багаасаа хөлбөмбөгөөр шимтэн хичээллэх болж. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Энэ нь надад маш сайхан санагдаж байна. Харин эхнээс нь л зөв сурах ёстой. Хөлбөмбөг тоглож байгаа багачууддаа захиж хэлэхэд өөрийгөө хөгжүүлэх бэлтгэл, сургуулилтыг байнга хийж байх хэрэгтэй. Цаг гарвал техникээ давтаж, хур болон хүчний бэлтгэлийг тууштай хийх нь чухал. Ерөөсөө залхуурч болохгүй. Супер од Роналдино хүртэл одоо ч гэсэн өөрийгөө сайжруулахын төлөө ажилласаар л байна.
Миний хувьд өмнө нь хичээлдээ явна, бэлтгэлээ хийнэ гээд хэцүү байсан. Харин одоо бол зөвхөн бэлтгэл, сургуулилт, хөлбөмбөгтөө өөрийгөө бүрэн зориулж байна. Би “Хөдөлмөр хүнийг хэзээ ч гомдоохгүй” гэдэг үгийг хэлэх дуртай. Тиймээс мөрөөдлөө хэзээ ч орхихгүй.