Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн эрхийг орон нутаг шилжүүллээ

images Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад зорилготой юм байна.

“Түгээмэл дархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн эрхийг орон нутаг шилжүүлэх нь буруу зүйл. Уг нь Ашигт малтмалын тухай хуульд тусганаар зөвшөөрлийг олгоод явах нь зүйтэй байсан юм. Гэвч олонхоороо түрээд энэ хуулийг баталж байна” хэмээн УИХ-ын гишүүн Я.Содбаатар саналаа илэрхийлсэн.  Хуулийн төслийн талаар асуух асуулттай  өөр гишүүд байхгүй байсан учраас Эдийн засгийн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын заалт бүрээр санал хурааж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг баталлаа. Энэ хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх саналыг байнгын хорооноос гаргасан боловч хугацаа өнгөрсөн учраас хууль хэрэгжих өдрийг өөрчлөхөөр гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ хуулийг хэрэглэх хугацаа болоогүй учраас хуулийн хэрэгжилтийг хоёрдугаар сард болгож өөрчлөх нь зүйтэй” гэсэн саналыг илэрхийлсэн.  Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хуулийн хэрэгжих хугацааг хоёрдугаар сарын дундуур байсан нь дээр. Зөвшөөрөл нь орон нутагт шилжиж байгаа учраас эхлээд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангахад бэлэн бус заалтууд олон байгаа учраас хугацааг нь хойшлуулсан нь дээр. Хэрэгжиж эхлэхээс нь өмнө хуулийг таниулах ажлыг хийж, яам, орон нутгаас санал авсан нь дээр гэж үзэж байна” гэсэн юм.  УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Өмнө нь яам, орон нутгаас санал авсан учраас хууль хэрэгжих хугацааг нь хойшлуулах шаардлагагүй” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ хуулийг анхнаас нь дэмжиж байсан. Хуулийн дагаж мөрдөх хугацааг хол тавих тусам бэлтгэл нь батлагдахгүй. Тиймээс батлагдсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй” гэлээ. Ийнхүү гишүүд санал хурааж, ердийн журмаар буюу батлагдсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлж, дагаж мөрдөхөөр болсон юм.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дагаж, хэлэлцэгт оруулав.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …