Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийн ажил энэ сарын 21-нд дуусна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа.
-Цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэл эхлээд арваад хонож байна. Иргэдийн идэвх хэр байна вэ?
-Монгол Улсын иргэний цэргийн үүрэг болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 зүйлд жил бүр цэргийн тоо бүртгэлийг хийнэ гэж заасан байдаг. Ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр 18-50 насны, цэргийн алба хаасан хаагаагүй бүх иргэд, 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд хамрагддаг. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1070 тоот/ захирамж гарч цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэл энэ сарын 6-20-ны хооронд явагдана. Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ажил 46 хувьтай байна. Нууцын зэрэглэлд байдаг учраас тоо хэлэх боломжгүй. Манай иргэд хууль эрх зүйгээ мэддэг, ойлгодог болж байгаа нь сүүлийн үед ажиглагдах боллоо. Өмнө нь цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэл явуулахад мөд ирэхгүй, хорооны цагдаа сэргийлэх дээрээ тулдаг байсан.
Одоо энэ байдал эрс өөрчлөгдсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ер нь энэ ажил эрчүүдээ тоолох, цэргийн үүрэг хүлээх эрчүүдээ сонгон шалгаруулж авах, цэргийн үүрэг хүлээлгэх гэсэн үндсэн гурван зорилгоор хийгддэг юм. Өөрөөр хэлбэл энэ бүртгэл хэрхэн хийгдсэнээс бидний дараа дараагийн буюу тухайн онд хийгдэх ажил тодорхой болно. Залуучууд 26 нас хүрчихвэл би цэргийн алба хаах нас өнгөрчихлөө гэж боддог. Тэгвэл тийм биш ээ. Монгол Улсын иргэн л бол цэргийн алба хаасан, хаагаагүй 50 хүртэлх насны иргэд заавал бүртгүүлэх ёстой. Энэ бол эр хүн болж төрсний үүрэг.
Цэргийн үүрэг хүлээнэ гэдэг цэргийн алба хаасан, хаагаагүй иргэдээ бүртгэж аваад цэргийн алба хаасан хүмүүсээ тодорхой хугацааны дараа давтан сургах хуультай. Мөн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн гээд цэргийн алба хаагаагүй, их дээд сургууль төгссөн 27-оос дээш насны иргэдээ 14-21 хоногийн хугацаанд сургалтад хамруулах зэрэг ажил хийгддэг.
-Цэрэгт яваагүй иргэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд хамрагдахаас эрс татгалзах тохиолдол их байна. Учир нь очоод бүртгүүлчихвэл мөнгө нэхнэ, цэрэгт явуулна гэх мэтээр болгоомжлоод байдаг. Энэ тохиолдолд яах вэ?
-Өнөөдрийн явагдаж байгаа бүртгэл, цэргийн зарлан дуудах хуудас нь тэс өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид энэ сарын 6-20-нд хамрагдсан иргэддээ өмнө нь санаатай болон санамсаргүйгээр бүртгэлд хамрагдаж цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваагүй бол ямар нэгэн захиргааны хариуцлага тооцохгүй гэж мэдэгдсэн. Энэ мэдээлэл нийслэлийн засаг захиргааны анхны шатны нэгж болох 152 хороонд оччихсон байгаа.
Манайхан “Надад зарлан ирэхгүй байна. Ингэж байгаад алба хаах насаа өнгөрөөчихье” гэсэн байдлаар бултаад байдаг. Өмнө нь ингээд зугтаадаг нөхдийг бид олдоггүй байсан. Одоо бол тэр цаг өнгөрсөн. Өөрөөр хэлбэл иргэний шинэчилсэн бүртгэл явагдсантай холбогдуулан цэргийн тоо бүртгэлийг цахимжуулж, мэдээллийн сантай болсон. Тэгэхээр тухайн иргэн хэчнээн нуугдаж бултаад ч нэмэргүй, бүх мэдээлэл нь бидэнд байгаа гэсэн үг. Гагцхүү өөрийн эрх үүргийн дагуу ирж бүртгүүлэх нь үү, үгүй гэдэг л асуудал байгаа юм. Ямар нэгэн аргаар цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдахгүй, цэргийн зарлан дуудах хуудаснаас бултаж байгаа тохиолдолд хэзээ нэгэн цагт баригдана. Баригдахаараа эвгүй байдалд орно.
-Цэргийн зарлан ирээгүй 27 нас хүрчихсэн, эсвэл өөр хооронд шилжээд хуучин хороон дээр нь цэргийн зарлан нь ирсээр байгаад нас нь өнгөрчихдөг тохиолдол бий. Энэ тохиолдолд хэдэн төгрөгийн торгууль төлөх вэ?
-Иргэн эрэгтэй цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй бол 50 мянган төгрөгийн торгууль хүлээнэ. Цэргийн албанд явуулах зарлан дуудах хуудас аваад ирээгүй тохиолдолд иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Мөнгөн торгуулийн тухайд насанд хүрсэн эрэгтэйчүүдэд найман удаа цэргийн зарлан дуудах хуудас ирдэг. Тухай бүрт нь ороод чөлөөлөгдөөд явж байсан бол мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Хэрвээ цэргийн комиссоор нэг ч ороогүй явсаар байгаад 27 нас хүрчихвэл найман жилийн торгуулийн мөнгө төлнө. Энэ торгуулийн мөнгө харилцан адилгүй. Тодруулбал 1971-1973 онд төрсөн хүн 638 мянган төгрөг төлнө. 1987 онд төрсөн хүн нэг ч удаа цэргийн комиссоор орж байгаагүй бол гурван сая 726 мянга 786 төгрөг төлнө гэсэн үг.
-Сурч байгаа тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгддөг. Энэ нь төлөх мөнгөн дүнгээс хасагдах үндэслэл болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Хэрвээ 1987 онд төрсөн хүн дөрвөн жил оюутан байсан бол тухайн жилийнх нь төлбөрөөс чөлөөлөөд нэг сая 714 мянга 321 төгрөг төлнө гэсэн үг. Харин 18 нас хүрээд цэргийн үүрэгтний үнэмлэх аваад жил бүр эрүүл мэндийн шалтгаан болон бусад шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөөд явж байсан бол 27 нас хүрээд зөвхөн цэргийн үүрэгтнийнхээ бүртгэлд бүртгүүлнэ гэсэн үг.
-Ажил хийж байгаа тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөх үү?
-Тийм зүйл байхгүй. Ажил хийж байгаа тохиолдолд цэрэгт тэнцсэн бол авч явна. Харин цэргийн албаа хаагаад ирснийх нь дараа ажил олгогч ажлын байрыг нь хадгалж үлдсэн байх үүрэгтэй.
-Социалист нийгмийн үед эрүүл мэнд болон бусад хүндэтгэх шалтгаангүй бол шууд л цэргийн алба хаалгадаг байсан. Харин одоо цэргийн алба хаах асуудал харьцангуй нээлттэй, уяан хатан болсон юм уу гэж ажиглагддаг?
-Тийм ээ. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд эх орноо хамгаалж хуулийн дагуу цэргийн алба хаана гээд иргэний эрхэмлэх үүрэгт заачихсан байдаг. Энэ хуулийг биелүүлэхийн төлөө олон сонголт, хэлбэрүүдийг бий болгож өгсөн. Өмнө нь ганцхан цэргийн алба хаалгадаг байсан бол одоо цэргийн дүйцүүлэх албанд явж болно. Дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, гэрээт цэргийн албанд явах, цэргийн жинхэнэ алба хаагч болох гэх мэт бүх зүйл нь нэгдсэн бүртгэлийн дараа хийгддэг юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр энэ оноос хэрэгжиж эхлэх үү?
-Оюутнууд сурч байх хугацаандаа цэргийн алба хаах боломж бүрдсэн. “Оюутан цэрэг” хөтөлбөр энэ оноос хэрэгжиж эхэлнэ. Оюутнуудад зуны амралтаараа алба хаах боломж олгож байгаа юм. Энэ нь зөвхөн зуны амралтаараа л алба хаана гэсэн үг биш. Хэрвээ нэгдүгээр курст орохдоо цэргийн алба хаахаар бүртгүүлсэн бол дөрвөн жилд гурав гурван сараар яваад их сургуулиа төгсөхдөө цэргийн албаа ч хаана гэсэн үг.