Өв сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

imagesМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулж Сангийн яамны ажилтнууд, МУИС, СЭЗДС, Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ байгалийн баялаг, ашигт малтмал, эрдэс баялгаас бий болсон их хэмжээний орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо үгүйлэгдэж байгааг хэллээ. Иймээс энэхүү баялгаас хойч үедээ хуримтлал үүсгэн хадгалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг санаачилжээ.

Жилд 500 сая ам.долларыг Баялгийн санд хуримтлуулахад 50 жилийн дараа гэхэд 230 тэрбум ам.доллар бүрдэх юм байна. Энэ нь мөн Монголбанкны валютын нөөцийг дэмжсэн давхар бодлого болох юм. Сүүлийн 20 жилд гадаад худалдааны алдагдал, төсвийн нийт алдагдлын хавсарсан алдагдлуудаас үүссэн давхар алдагдлуудыг Баялгийн сангаар дамжуулан хаах боломж бас байгаа ажээ. 2016 оны сүүлээс Баялгийн сангийн хуримтлал эхэлж 2017 оноос өөрийн хуримтлалтай болох юм. 2025 оноос тус сангийн хөрөнгийн 20 хүртлэх хувийг боловсролд зарцуулах бөгөөд Хүний хөгжлийн сангийн өрийг бас энэ сан хүлээн авахаар болжээ. Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн өгөөжийг 2050 оноос зарцуулах юм. Зарцуулах эрхийг тэр үеийнхэнд өгөх юм байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Уул уурхайн орлого нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого ихээхэн өсч байгаа боловч орлого орсон хэмжээгээр төсвийн зарлагыг тэлж байна.  Ингэж их хэмжээтэй төгрөгийн урсгал эдийн засаг руу орж байгаа нь үнэ инфляци хөөрөгдөх, макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, хямралд аваачих магадлалтай. Энэ нь эдийн засгийг “хөөсрүүлж”, хэт халалт үүсгэн улмаар “Голланд өвчин”-д нэрвэгдэх аюулын үүдийг үргэлжид нээлттэй байлгаж байна гэсэн үг. Нөгөө талаас Монгол Улс мөнгө болон төсвийн хэт тэлсэн бодлогыг олон жил дараалан явуулж байгаа нь импортын хэрэглээг өдөөж, гадаад худалдааны алдагдлыг өөгшүүлж байгаа юм. Одоо манайд үйлчилж буй ийм макро эдийн засгийн менежментийн бодлого, арга хэлбэрийг ойрын хугацаанд өөрчилж Норвегийн макро эдийн засгийн удирдлага, менежментийн загвар шиг тийм өөрийн загварыг бий болгон хэрэглэх шаардлага зүй ёсоор гарч байна.

Эдийн засгийн хэллэгт орлогоосоо зардал нь хэтрэхийг алдагдал гэдэг. Макро эдийн засагт гадаад худалдааны алдагдал, төсвийн урсгал алдагдал, төсвийн нийт алдагдал зэрэг үзүүлэлтүүд нь эдийн засгийн ерөнхий төлөв байдлыг харуулсан чухал үзүүлэлтүүдэд тооцогддог. Нэн ялангуяа гадаад худалдааны алдагдал, төсвийн нийт алдагдал хоёр хавсрах нь тухайн улс орон өрөнд идэгдэнэ гэсэн үг бөгөөд давхар алдагдал нүүрлэхийн аюул гэж онолын хувьд үздэг. Манай улсын хувьд экспортын орлого их хурдтай өсч байгаа боловч импорт түүнээсээ илүү хурдтай өсч байна. Давхар алдагдал ужгирсан өвчин болж байна. Үүнийг өөрчлөх, эдийн засгийн бодлогоо шинэчлэх цаг болжээ. Тэр тусмаа макро эдийн засгийн болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогоо цаг алдалгүй эргэж харах шаардлага гарч байна.

Иймээс юуны өмнө өнөөдөр Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг ирээдүй хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь болсон гэсэн зарчмыг баримталж байна.

Энэ зорилгоор Төрийн мэдлийн урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх үндсэн зорилго бүхий Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэхүү санг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, энэхүү сан хөмрөгийг хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгон баримтлах, энэхүү санд хөрөнгө, эх үүсвэр хуримтлуулах үйл ажиллагаа ямар хугацаанд, эсвэл ямар шалгуур хангах хүртэл үргэлжлэх, сангаас улсын төсөвтэй харилцах харилцааны зарчим, сан, сангийн хөрөнгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, эрх бүхий байгууллагуудын хоорондын харилцааны статусыг зохицуулах тухай үзэл баримтлалыг боловсруулан хуулийн төслийг УИХ-д өргөн барих шаардлагатай болж байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, багш, судлаачид хуулийн төслийн талаар санал бодол, байр сууриа илэрхийлцгээлээ.
index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …