Ам.долларын ханш 1748-ыг даваад явчихлаа
Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг амьсгаа даран хүлээхээс өөр арга алгаМонголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж эхэлсэн. Уг зөвлөлөөс тодорхой саналыг гурван шатны хэлэлцүүлгийн дараа эцэслэн шийддэг журамтай. Энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан мөнгөний бодлогод оруулах өөрчлөлтийн саналыг хэлэлцэнэ.
Монгол төрийн мөнгөний бодлоготой холбоотой бүхий л шийдвэрийг тус зөвлөл гаргадаг. Энэ ч утгаараа 2014 оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийг хангах анхны нүүдлээ хийлээ гэж ойлгож болно. Мөнгөний бодлогод суудаг томоохон зорилтын нэг нь валютын ханшийг тогтвортой байлгахад чиглэдэг. Өнгөрсөн онд ам.долларын төгрөгтэй харилцах ханш тогтмол өссөөр ирсэн ч Төв банкны хувьд бодлогын хүүг чангаруулах арга хэмжээ аваагүй. Ийм арга хэмжээ авсан нөхцөлд арилжааны банкны хүү өндөрсч, эргээд бодит секторыг дэмжих бодлого хумигдах учраас зөөлөн бодлого барьж ажилласан.Харин энэ жил зөөлөн бодлого үргэлжлэх үү үгүй юу гэдэг нь мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрээс тодорхой болно. Валютын урсгал ямар замаар хаашаа урсах вэ гэдгийг тэд л тодорхойлдог. Энэ ч утгаараа монголчууд мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг амьсгаа даран хүлээхээс өөр аргагүй.Төв банк гадаад валютын зах дээр интервенци хийх замаар валютын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж ханшийг өөрчлөх болон валютын ханшийн хэлбэлзлийг бууруулах замаар валютын ханшийг зорилтот түвшинд барихаар оролдож байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.
Тодруулбал Монголбанкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад гадаад валютын дуудлага худалдаа хийж ам.доллар, юань нийлүүлдэг. Гэсэн ч зах зээл дээрх ам.долларын эрэлт өндөр байсаар ханш нь ч байнгын өсөлттэй байна. Энэхүү бодлогын хэлбэрийг сонгон ажиллаж буй орнуудын туршлагаас харахад валютын ханшийг илүү хатуу барьсан орнуудын инфляцийн түвшин бага байдаг ч эдийн засгийн өсөлт нь ханшийн уян хатан бодлоготой орнуудаас доогуур байдаг байна.
Үүнээс гадна төв банкууд нь хараат бус бие даасан байдлаа алдах, долларжилт эрс нэмэгдэх, ханшийг тогтвортой байлгах зардал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай. Тэгэхээр цаашдаа валютын ханш уян хатан тогтоно, гэхдээ ханш инфляцид нөлөөлөхөөргүй төвшинд байх ёстой гэсэн зарчмын өөрчлөлтийг 2014 оны мөнгөний бодлогод суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл валютын ханшийн эрсдлээс хамгаалах механизм бий болго гэсэн даалгаврыг УИХ-аас Монголбанкинд өгсөн. Валютын ханш нь нийт эдийн засагт ирэх инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байгаа энэ үед валютын ханшийг бууруулах арга зам сүвэгчлэхгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэдгийг өнгөрсөн жил зах зухаас нь мэдэрсэн. Тэгээд ч ханш дахиад өсөх эрсдэл байна.
Тиймээс Монголбанкны мөнгөний бодлогод зааж өгсөн зах зээлийн механизмыг нэмэгдүүлэхээс гадна эдийн засагт хөрөнгө оруулалтаа яаж нэмэгдүүлэх, мөнгөний урсгалаа яаж зохицуулах, эдийн засгийн идэвхжлийг хангаж ажиллах талаар хэн юу хийв гэдэг нь Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрээс харагдах биз ээ. Учир нь Эдийн засгийн байнгын хороон дээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, М.Гарамгайбаатар, Даш.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн сайд Ч.Улаан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн гол зорилго нь валютын ханшийг тогтворжуулах, бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг хангах чиглэлээр юу хийх вэ гэдгээ тодорхойлох талаар мэдэгдэж байсан юм. Чухам тэд одоо л тодорхой зүйл хийхгүй бол ноён долларын ханш дээр дээр үсэрсээр 1748 дээгүүр даваад явчихлаа.
Төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдсэн л юмсан
Зах зээлийн үл үзэгдэгч гарын зохицуулалтаар бол ам.доллар, юанийн ханш уруудаж, төгрөгийн ханш чангарах ёстой. Учир нь монголчууд цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлэхдээ шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ хангалттай импортлоод авчихдаг.
Энэ нь нэг талаасаа валютын эрэлт буурна гэсэн үг. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь 1722-1730 төгрөг болж өссөн. Харин өчигдөр Монголбанкны ханшаар 1736.65 төгрөг болоод, арилжааны банкууд, “Найман шарга” зах дээр 1746-1748 төгрөг болон өсчихөж. Валютын ханш навс унах өөр нэг шалтгаан нь алтны худалдааны ил тод байдлын хууль.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өнгөрсөн сарын 24-нд мэдээлэл хийхдээ “УИХ Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй хууль баталлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Монголын алтыг Монголдоо үлдээх зорилготой хууль гэж ойлгож болно. Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээ 0 хувь болж байна” гэдгийг хэлсэн.
Харин уг хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Монголбанкинд тушааж буй алтанд ногдох татварыг ийнхүү 75 хувиар бууруулж байгаа нь хууль хэрэгжиж эхэлсний маргаашнаас валютын ханшид нөлөөлнө” хэмээн ярьж байсан. Гэвч хууль нь хэрэгжээд хагас сар болж байгаа ч дээрх эрхмүүдийн ярьж байсанчлан сайхан зүйл харагдахгүй л байна даа.