Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Хойд Солонгостой нэгдэхэд системийн болон бүтцийн асуудлыг шийдвэрлэх хороог байгуулах талаар мэдэгдлээ. Пак Кын Хе уг хороо нь хоёр Солонгосын хооронд хийх яриа хэлэлцээг нэмэгдүүлэх ажил хийнэ гэдгийг онцолсон байна.
Хамгийн гол нь Солонгосын хойгийг нэгтгэх тодорхой арга замыг хайж, бий болгох нь хорооны гол үүрэг гэнэ. Нэгтгэх хороонд гадаад улстөр, эдийн засаг, соёл, үндэсний аюулгүй байдлын чөлөөт шинжээчид ажиллах бөгөөд олон нийтийн хүрээнд хэлэлцэх асуултуудыг боловсруулах аж. Пак Кын Хе хоёр Солонгос удаан хугацаанд тусгаарлагдмал байхдаа дахиад хэзээ ч нэг улс болохгүй гэсэн зовнилтой байдгийг тэмдэглэсэн байна.
Тийм учраас Өмнөд, Умард хоёрыг нэгтгэх бэлтгэл ажлыг сайтар тунгаан бодох шаардлагатай гэжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч сүүлийн саруудад солонгос үндэстнийг нэгтгэх талаар хэд хэдэн удаа ярьж байгаа бөгөөд Давосын чуулга уулзалт дээр хэрвээ нэгдэх юм бол хоёр улсад аль алинд нь ашигтай гэж хэлсэн аж. Тэрбээр “Солонгосын хойгт энх тайван байдлыг хангахын тулд Өмнөд Солонгос бэлтгэх шаардлагатай” гэсэн байна. Герман улс нэгдсэн жишээг татаж, нэгтгэх ажилд алхам алхмаар бэлтгэсний ачаар амжилттай болж чадсан хэмээн дурьджээ.