МУЗН-ийн ерөнхийлөгчөөр Н.Энхболд улиран сонгогдлоо

IMG_6990Олон улсын хүмүүнлэгийн хамгийн том сүлжээ байгууллага болох 189 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн хөдөлгөөн (ОУУЗ, УХСНХ)-ий гишүүн МУЗН-ийн үндэсний чуулган энэ сарын 25-26-нд болж, МУЗН-ийн ерөнхийлөгчийг сонголоо. Ерөнхийлөгчид МУЗН-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Н.Энхболд болон НИТХ-ын дарга, МУЗН-ийн дэд ерөнхийлөгч Д.Баттулга нар өрсөлдөж, Н.Энхболд МУЗН-ийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.

Чуулганд дунд шатны хорооны тэргүүн, дарга нар болон чуулганы төлөөлөгч байх тодорхой шалгуурыг хангасан гишүүд, сайн дурынхан гэхчилэн 200 гаруй хүн сонгогдон оролцсон юм. Үүнээс гадна Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоог төлөөлж Ази, Номхон далайн бүсийн захирал Жаган Чапагэн, Зүүн Ази бүсийн төлөөлөгчийн газрын дарга Мартин Фаллер, Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тор Даниелсон, ОУУЗХ-г төлөөлж Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны зохицуулагч Айрис вон Бригелен, Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Алейн Вуилемиер нар болон Их Британи, Финлянд, Австрали, Япон зэрэг МУЗН-ийн гол түншлэгч байгууллагын төлөөлөл ажиглагчаар оролцжээ.

Энэхүү чуулганаар МУЗН-ийн шинэчлэлийн нэгэн үеийг эхлүүлж буйд төлөөлөгчид санал нэгтэй байж, шинэчилсэн дүрэм, 2020 он хүртэлх хөгжлийн стратеги, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. МУЗН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах бодлогын бичиг баримт болсон дүрмээ шинэчлэн баталсан нь чуулганы хамгийн гол зорилт юм. Дүрмийн хүрээнд МУЗН гишүүнчлэлд суурилсан хүмүүнлэгийн өргөн түмний сүлжээ болж өргөжихийг зорьж буй. Энэ удаа олон улсад үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний нийгэмлэгүүдийн дүрмийн ямар шаардлага, хэм хэмжээг хангах зөвлөмжийн дагуу дүрмээ боловсруулжээ. Хэрвээ үндэсний нийгэмлэгүүд дээрх шаардлагуудыг хангаж чадахгүй бол Олон улсын улаан загалмайн холбоо (ОУУЗХ)-ны гишүүн байх эсэх асуудал хүртэл яригддаг аж. Манай үндэсний нийгэмлэгийн дүрмийн төслийг ОУУЗХ хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн ОУУЗХ-ны стратегид нийцүүлж, 2020 он хүртэлх стратегийг дэвшүүлсэн. Энэ ч мөн дээд шатны байгууллагуудаас дэмжлэг хүлээгээд байсан юм. Энэхүү баримт бичгийн хүрээнд 2015-2020 хүртэлх стратеги төлөвлөгөөнд шилжихийн тулд юуг гол зорилгоо болгох вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулжээ. Түүнчлэн улаан загалмайн хөдөлгөөний үндсэн зорилтуудаа баримтлан, иргэдэд хүмүүнлэгийн үйл ажиллагаа хүргэж, төрд нэмэлт хүч болж ажиллаж чаддаг байх эрхэм зорилгыг тэд чуулганаас өвөртөллөө.

Чуулганаас МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогын төслийг танилцуулсан юм. МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболдын санаачилгаар Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн, МУЗН-ийг дэмжих Парламентын нөхдийн бүлэг байгуулагдсан. Энэ нь Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох, Улаан загалмайн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахад хамтран ажиллах хууль тогтоох байгууллагын баг бүрдэж байна гэсэн үг юм.

Чуулганаас гарсан шийдвэр, үр дүнгийн талаар мэдээлсэн хэвлэлийн бага хурлын үеэр МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “МУЗН үйл ажиллагаа болон санхүүгийн хувьд ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах болно. Бид хийж, хэрэгжүүлж буй ажлаа олон цахим хуудас, фэйсбүүк, твиттер зэрэг харилцаа холбооны мэдээлэл дамжуулах хэрэгслээр ил тод байлгана. Харин санхүүгийн тайлангаа нэг жил,  хагас жилээр гаргаж, хэн, хэдий хэмжээний хандив өгснийг цахим хуудастаа нээлттэй тавьдаг болохоор шийдсэн. Тухайлбал, МУЗН үндэсний чуулганаа зохион байгуулахад ОУУЗХ 10.000 ам.доллар, Их Британи, Финлянд, Нидерланд, Япон зэрэг улсын Улаан загалмай нийгэмлэгүүд тус бүр 5000 ам.доллар хандивласан” гэсэн мэдээлэл өгсөн юм.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …