Зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ

6747Технологийн дээд сургуулийн дэргэдэх сүүн бүтээгдэхүүний үйлдвэр зохицуулах үйлчилгээтэй тараг, цөцгий, ааруул зэрэг цагаан идээ үйлдвэрлэж эхэллээ.

Өмнө нь зундаа хоёр тонн, өвөлдөө нэг тонн сүү боловсруулж бүтээгдэхүүн хийдэг энэ үйлдвэр одоо өвөлдөө гурван тонн, зундаа таван тонн сүүгээр бүтээгдэхүүн хийх боломжтой болж байна.

Мөн зохицуулах үйлчилгээтэй шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй инновацийн төслийн хүрээнд үйлдвэрийг өргөтгөжээ. Үйлдвэрийнхэнзах зээлд арваад нэр төрлийн бүтээгдэхүүн гаргахаар болж.  Сүүлийн үед хүмүүсийн сонгож хэрэглэх болсон зохицуулах үйлчилгээтэй сүүн  бүтээгдэхүүнийг монголчууд ийнхүү хэрэглэх боломжтой болж байна.

Биднийг очиход үйлдвэрийнхэн шинэ бүтээгдэхүүнүүдээ тусгайлж  зассан ширээн дээр өрж тавьжээ. Бүгд эдний  сургуулийн  эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээлийн үр дүн гэнэ. Технологийн дээд сургуулийн багш нарын эрдмийн ажил цааснаас амьдрал дээр буусан нь энэ. Багш нарт эрдмийн ажлаа практикт хэрэгжүүлэх боломжийг энэ үйлдвэр нээж  өгч байгаа аж.

Эдний үйлдвэр хуурай сүү шингэрүүлж бүтээгдэхүүнээ хийдэггүй юм байна. Зөвхөн цэвэр сүүгээр бүтээгдэхүүн хийдгээрээ онцлог гэсэн. Сүүгээ Төв аймгийн Борнуур сумаас авчирдаг байна. Технологийн сургууль Борнуурт өөрсдийн гэсэн фермтэй  гэж багш нар нь ярьж байв. Ширээн дээр гурван төрлийн тараг, зөөхий, цөцгийн тос, аарц, шар тос, нэрс, шоколад, сүүтэй зайрмаг, хорхой ааруул, хоёр төрлийн бяслаг зэрэг бүтээгдэхүүнүүд  эгнүүлжээ.

Бяслагийн нэг төрөл нь уламжлалт бяслаг байсан юм. Уламжлалт бяслаг амархан хатах, чанараа алдах гэсэн сул талтай учраас эдний үйлдвэр зөөлөн бяслаг гээд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргачихаж. Үл ялиг давс амтагдсан, зүсээд  тавьсан шинэхэн аарц гэж андуурч хармаар энэ бүтээгдэхүүнийг удахгүй зах зээлд гаргах гэж байгаа гэсэн. Удахгүй европ стандартаар үйлдвэрлэсэн, голланд бяслагаас дутахгүй амт, чанартай бяслаг үйлдвэрлэхээр туршиж байгаа гэнэ. Тоног төхөөрөмжийг нь оруулаад иржээ.  Нутагшуулж, бойжуулаад авчихвал  голланд бяслагийг эндээ үйлдвэрлэхэд асуудалгүй бололтой.

“Гаднаас орж ирсэн иогуртыг гэхэд л бид ямар орц найрлагатай, юугаар хийснийг нь мэддэггүй. Харин монгол эрдэмтдийн судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлж гаргасан эдгээр бүтээгдэхүүн бол өөр. Ямар найрлага орцтой нь  тодорхой. Жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн” хэмээн БШУЯ-ны газрын дарга Сүхбаатар ярьж байлаа.

Зохицуулах үйлчилгээтэй хүнсийг энгийнээр  хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гээд ойлгочихож болно хэмээн тус сургуулийн багш нар ярьж байсан юм. Засгаас хэрэгжүүлсэн инновацийн төслийг гардаж хэрэгжүүлсэн хүн нь Технологийн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор Ч.Нарангэрэл аж. Тэрээр  “Дэлхийн хэмжээнд зохицуулах үйлчилгээтэй хүнсний жар гаруй хувийг сүүн бүтээгдэхүүн эзэлдэг. Зохицуулах үйлчилгээтэй сүүн бүтээгдэхүүнд исэх цагаан идээ ордог. Төрөл бүрийн тараг, ааруул хоормог айраг гэсэн үг л дээ. Исэх цагаан идээний хөрөнгөнд  ашигтай микрофлорийг бүрдүүлэгч бактерууд ордог. Ийм бүтээгдэхүүн хэрэглэвэл төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бас хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаа сайжрах давуу талтай. Тэгэхээр зохицуулах үйлчилгээтэй хүнс хэрэглэсэн хүн эрүүл байна гэсэн үг” хэмээн ярилаа.

Технологийн сургуулийн дэргэдэх сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн нэг онцлог нь  эрдэмтэд нь бүтээгдэхүүн исгэх  хөрөнгөө өөрсдөө гаргаж байгаа аж. Одоогоор судалгааны шатандаа яваа аж. Тэгэхээр урд хөршөөс тарагны хөрөнгө оруулж ирдэг гэх яриа тун удахгүй гарахгүй, монголчууд эндээ хөрөнгө үйлдвэрлээд эхлэх бололтой. Учир нь Технологийн сургууль  бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна, оюутнууддаа  хийж бүтээсэн бүхнээ зааж сургадагаараа бусад үйлдвэрээс ялгаатай билээ.

Цэвэр сүүгээр хийсэн эдний бүтээгдэхүүнийг авъя гэвэл “Саруул” худалдааны төв  дээр нэрийн лангуу ажиллуулдаг гэнэ. Бас “Меркури” зэрэг зах дээр цагаан идээний лангуу ажиллуулдаг хүмүүс  бүтээгдэхүүнийг нь худалдан авч  борлуулдаг юм байна. Сургууль дээрээ нэрийн дэлгүүр ажиллуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь зардаг аж. Ч.Нарангэрэл “Манай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид мэддэг болсон. Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн учраас манай сургуулийн эрдэмтэд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх болно.  Бид  үйлдвэрлэлээс гадна судалгаа, сургалт давхар явуулдаг. Тэр утгаараа бусад үйлдвэрээс бага хүчин чадалтай байгаа. Гэхдээ эрүүл хүнс үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог” хэмээн ярьж байсан юм. Одоогоор  эдний үйлдвэр өдөрт нэгээс хоёр тонн сүү боловсруулж бүтээгдэхүүн хийж байгаа аж.

Сонирхуулж хэлэхэд тус үйлдвэр үндэсний том үйлдвэрлэгч болох “Өгөөж”, “Жүр үр”-ийг аарцаар хангадаг юм байна.  Зундаа цагаан идээ элбэгшиж сүү сааль нэмэгдээд ирэхээр аарцыг их хэмжээгээр үйлдвэрлэдэг гэнэ. Хадгалах хугацаа урттай бүтээгдэхүүн  учраас сааль элбэг цагаар ахиухныг базаагаад авдаг аж.

Засгийн газраас төлөөлөл болж очсон хүмүүс  “Хүнсний технологийн дээд сургуулийн эрдэмтэд эрдмийнхээ ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна гэдэг олон талын ач холбогдолтой.  Хүнсний технологийн чиглэлээр сурч байгаа оюутнууд үйлдвэрлэл дээр дадлага хийнгээ сурна. Төгсч гараад жижиг дунд үйлдвэр байгуулахад  мэдэхгүй чадахгүй гэх юмгүй болно.

Экологийн цэвэр, зохицуулах үйлчилгээтэй сүүн бүтээгдэхүүнийг зах зээл дээр гаргаж байгаа нь шинжлэх ухааны үйлдвэрлэлээ хэрэглээ болгож байна гэсэн үг” хэмээн онцолж байв. Шадар сайд Д.Тэрбишдагва “Европ стандартаар бяслаг хийхээр ажиллаж байгаа нь таалагдлаа. Монголчуудын хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг өөрсдөө чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх боломжтой. Сүү, махан дээр дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлээ экспортлох боломж ч бий.Өнөөдрийн үйл явдал сүүний салбарт ахиц гарсаныг, цаашдаа Монголын сүү сүүн бүтээгдэхүүн дэлхийд гарах эхлэл тавигдаж байна” хэмээн ярьж байв.

Ц.Баасансүрэн

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …