МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа
-Засгийн газраас энэ оны эдийн засгийн нөхцөл байдал гадаад худалдааг их өөдрөгөөр төсөөлж, төсөв тооцоогоо хийсэн. Гэвч бодит байдал дээр өөдрөг зүйл ажиглагдахгүй байна. Таны хувьд 2014 оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Экспортын голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр муу байгаа, ам.долларын ханш огцом савлаад, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа зэрэг нь мэдээж манай эдийн засгийг жаахан бараан харагдуулж байна. Гэхдээ миний хувьд энэ оны эдийн засгийн төлөв байдлыг өөдрөгөөр төсөөлж байгаа.
Яагаад гэвэл ийм хүлээлт нийгэмд ч байна. Тодруулбал импортыг орлох бүтээгдэхүүний төсөл хөтөлбөр эхлүүлэх гэж байгаа. Үүнийг дагаад ажлын байр бий болно, айл өрхийн орлого нэмэгдэх нь дамжиггүй.
Мөн үнэ нь нэмэгдээд байгаа бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих нөхцөл бүрдэх юм. Иргэд нэг л өдөр бүх зүйл нь сайхан болчих юм шиг л бүх зүйлийг төр засгаасаа шаарддаг. Энэ зөвхөн Монголд байдаг асуудал биш, дэлхийн бусад улсад ч гэсэн ийм зүйлүүд бий. Хамгийн гол нь эдийн засгийн гол хөшүүрэг болох үйлдвэрлэл үйлчилгээгээ дэмжих ажлыг дунд болон урт хугацаанд аажмаар эхлүүлж байгаа нь сайшаалтай.
Нөгөө талаасаа бидэнд мөнгө орж ирдэг гол суваг болох уул уурхайн үйлдвэрлэл нь хөгжихгүй, гарч байгаа бүтээгдэхүүнийх нь үнэ буураад байгаа нь манайхны хийж байгаа ажилд саад болох талтай.
-Валютын ханшийн савалгаа эдийн засагт хүнд цохилт болж байна. Зарим хүмүүс ам.долларын ханш 2000 төгрөгт хүрнэ гэж таамаглаад байгаа.
-Бизнесийн үйл ажиллагаа идэвхжихээр ам.долларын эрэлт нэмэгдэж гадаад валютын ханш нэмэгдсэн байх гэж таамаглаж байна. Нээлттэй эдийн засагтай оронд валютын ханшийн савалгаа байдаг. Харин Төвбанк валютын ханшийг тогтвортой байлгах үүргээ биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл огцом савалгааг бий болгохгүй арга хэмжээг авах хэрэгтэй.
Ам.долларын ханш өсөх нь экспортлогч аж ахуйн нэгжүүдэд ашигтай, импортлогчдод халгаатай байдаг.
Тиймээс ханшийг тогтвортой байлгах тал дээр анхаарч, валютын ханшаас үүдэн өссөн бараа бүтээгдэхүүний үнэ ханш буухаар дагаад буудаг тогтолцоонд л шилжих ёстой.
Тэгэхгүй бол барааны үнэ өсчихөөд тэр хэмжээндээ байж байгаад дараагийн нэг шалтгаан гарч ирэхээр нь дахиад л өсдөг эрүүл бус тогтолцоонд шилжчихээд байна. Үүнийгээ л засах хэрэгтэй.
Харин ам.долларын ханш 2000 төгрөгт хүрнэ гэж яриад байгаа хүмүүс тооцоо судалгаатай л юм ярьж байгаа байх гэж найдаж байна. Барагцаалж яриад хэт өндөр тоо хэлэх нь эдийн засагт хүлээлтийн инфляцийг бий болгодог.
Яагаад гэвэл хариуцлагагүй нэг тоо хэлснээс болж инфляцийн хүлээлт бий болох нөхцөл бүрдэх аюултай. Миний тооцооллоор бол тэгтлээ өсөхгүй, ам.долларын ханш 2000 төгрөгт хүрэх шалтгаан ч харагдахгүй байна.
-Тэгвэл 2014 оны төсөвт ам.долларын ханшийг 1380 төгрөг байхаар тооцоо судалгаагаа хийсэн. Энэ түвшинд хүргэж чадах болов уу?
-Эдийн засгийн эерэг хүлээлтийг хараад, Монголбанк, Засгийн газраас явуулж буй бодлого амжилттай хэрэгжвэл ам.долларын ханшийг бууруулах, тогтвортой байлгах боломжтой.
Жил болгон ийм асуудалтай тулгарахгүйн тулд зөвхөн уул уурхайн түүхий эдээ экспортолно гэж харж суухгүйгээр бусад сувгаа нээх хэрэгтэй.
-Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд алтны худалдааны ил тод байдлыг зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл алтанд ногдох татварын хэмжээг 10-2.5 хувь болгон бууруулсан. Энэ хуулийн үр дүнг юу гэж харж байна вэ?
-Төгрөг маань хөрвөдөггүй валют. Харин алтыг валют болгох бүрэн боломжтой. Тиймээс энэ хууль хэрэгжиж эхэлснээр валютын нөөцөө аривжуулах нэг арга хэрэгсэл болж чадна. Гэхдээ эцсийн үр дүнг цаг хугацаа харуулна.
Төр засгийн зүгээс зөвхөн хууль гаргаад орхих ёсгүй. Хүн рүүгээ чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлийн ажил дутмаг хийгдээд байх шиг санагддаг юм. Ер нь аливаа асуудал, ажлын цаана хүн л байдаг. Тийм учраас алт олборлогчид маань Монголдоо л алтаа тушаачихъя гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.
-Хүн гэснээс эдийн засгийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлыг өрх гэр, компанийн хүрээнээс нь эхэлж ярьж, микро эдийн засгийн зөв тогтолцоо үгүйлэгдэж байгаа талаар зарим хүмүүс ярьдаг.
-Тийм ээ, иргэнийнхээ эдийн засгийн боловсролд анхаарахгүй орхиж явчихаад дээгүүрээ мянга сайхан юм хийгээд хүлээж байсан сайхан үр дүн гарахгүй.
Хувь хүн орлоготой байж болно. Олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй айл өрхийн амьжиргаа дээшилдэгүй. Компани ч мөн адил ашиг орлого ихтэй ч зөв менежментээр дараагийн шат руугаа алхахгүй бол томрохгүй, өсөн дэвжихгүй. Тиймээс иргэд, жижиг аж ахуйн нэгжийн удирдлагуудад олсон мөнгөө зөв зүйтэй удирдах арга ухаан хамгаас чухал.
Орлоготой хүн бүр хуримтлалтай байх боломж бий. Тиймээс авч буй цалингаасаа нэг мянган төгрөг ч байсан хадгалж сурах хэрэгтэй. Тухайн өрхөд орж байгаа мөнгөнөөс давсан зардал гаргаад байна гэдэг нь хуримтлалын эсрэг алхам болно.
Түүнчлэн өрийн сүлжээнд орж байгаа хэрэг. Хүн бүр л хуримтлалтай болохыг эрмэлздэг гэвч чадахгүй байгаад л учир бий. Тэгэхээр хамгийн түрүүнд хийх алхам нь зардлаа зөв удирдах. Орлогоо хэрхэн зарцуулж байгааг тооцоолох ёстой.
-Иргэдийн санхүүгийн боловсролын асуудлыг шийдвэрлэхийн тулд ахлах ангийн сурагчид, оюутнуудын хичээлийн программд оруулж өгвөл зүгээр юм биш үү?
-Бид энэ талаар олон жил ярьж байгаа. Дунд сургуулийн хичээлийн программд эдийн засгийн жаахан бүлэг сэдэв байдаг. Харин оюутнуудад байдаггүй. Мөнгө хуримтлуулах нь ашигтай гэдгийг хүн бүхэн мэддэг хэрнээ нэг ч төгрөг цааш нь хийж чаддаггүй.
Тиймээс мэдээд байгаа зүйлийг нь байнга сануулж хийлгэхийн төлөө “Эрдэм мэдлэг түгээх төв” ТББ, “Төрийн банк”, 107.5 радио, ТВ-1 телевизэд хамтран 2014 онд иргэддээ эдийн засгийн боловсрол мэдлэг түгээх аяныг эхлүүлээд явж байна.