Пүрэв гариг бүрт болдог “Ерөнхий сайдын 30 минут” сэтгүүлчдийн асуултад хариулдаг уулзалт боллоо. “Барилга захиалагчийн албаны шинэчлэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдан явуулсан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилд Төв аймгийн 400-500 иргэнийг ажиллуулна. Энэчлэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад тухайн орон нутгийн иргэдийг оролцуулах, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж эхэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Hомхон далайн орнуудын бүсийн 32 дугаар бага хуралд 40 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Монгол улс энэ бүс нутгийн хүнсний бааз, загвар улс болох боломжтой гэж хуралд оролцохдоо хэлсэн” гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Нефьт импортлогч компаниудтай байгуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөр үргэлжилнэ. 10-20 төгрөгийн хэлбэлзэл гарч болно. Харин шатахууны хомсдол үүсэхгүй. Хэрэв хомсдол үүсч байгаа бол зохиомол хомсдол юм. Шатахуун түгээх газарт шатахуун олгохгүй, хомсдол үүсгэж буй баримттай мэдээллийг мэргэжлийн байгууллагад гаргахыг Ерөнхий сайд зөвлөлөө.
Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэдхэн хоногийн өмнө болсон. РиоТинто хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй. Гүний уурхайн хөрөнгө оруулалтаас бусад ажил хэвийн үргэлжилж байгаа.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрийн хүнд суртлыг багасгах ТҮЦ машинаар “Буянт-Ухаа” хороололд байр захиалах бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ бол том дэвшил. Улаанбаатарт 48 ТҮЦ машин ажиллаж байгаа, эдгээрт захиалгаа өгөх боломжтой.
Төрийн хүнд суртал, чирэгдлийг устгахад мэдээллийн технологи чухал. Тиймээс Ерөнхий сайдын дэргэд Мэдээллийн технологийн зөвлөл ажилладаг, жил гаруй болж байна. Энэ зөвлөл ТҮЦ машин, “11 11 төв”, Замын цагдаагийн торгуулийн систем зэрэг олон ажлыг эхлүүлсэн. Одоо автобусны үйлчилгээг шинэчлэхээр энэ зөвлөл ажиллаж байна. Буудал дээр хэдэн минутын дараа ямар чиглэлийн автобус ирэх тухай мэдээллийг авчихаад гэрээсээ гардаг, нийтийн тээвэрт картаар үйлчлүүлдэг болох зэрэг үйлчилгээг нэвтрүүлнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулахад төсвөөс 53 тэрбум төгрөг жилд зарцуулдгаас 15 сая төгрөг хаана, яаж зарцуулагддаг нь тодорхойгүй. Засгийн газар энэ мэт шударга бус зүйлтэй тэмцэнэ.
Төмөр замын царигийн хувьд Монгол, Хятадын Засгийн газрын тус бүр хоёр гишүүн оролцсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ гэлээ.
Энэ жил орон нутгийн хөгжлийн санд 280 тэрбум төгрөг төвлөрсөн нь өнгөрсөн жилийнхээс 40 тэрбумаар нэмэгдсэн. Энэ нь аймаг, сум, дүүргийн Тамгын газар өөрсдөө хариуцаж зарцуулах хөрөнгө. Үүнийг орон нутгийн байгууллагын төсөв данхайлаа гэж үзэхгүй байна.
Төрийн өмчийг эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг ажиллаж байна. Бодлогын баримт бичгээ ирэх сард УИХ-аар хэлэлцүүлнэ.
Барилгын салбарыг энэ онд үргэлжлүүлэн дэмжинэ. Энэ салбарыг дэмжихээр импорт нэмэгддэг талаар өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Тиймээс барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2016 оноос манай улсын цементийн үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж эхэлнэ. Арматурын төмрийн хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоход арай урт хугацаа шаардлагатай.
Импортыг орлох, экспортыг дэмжих төсөл шалгаруулалтад 888 төсөл үлдсэн. Эдгээрийг арилжааны банкуудад санал болгосон, судалгаа хамт хийгдэж байна. Эцсийн шийдвэр арилжааны банкинд гарна гэж Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.