Эрчүүдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдүүл
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгай хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхам минь оршоо
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг гүн гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Хальтирсан газар нь тэдэнд чинь бүсгүйн хайр нөмөр болдог юм
Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ
Эрчүүдийг хааяа ч болов хайрлаач.
О.Дашбалбар