-Сайн байна уу. Та 2012 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлалцсан. Одоо энэ хуулийг өөрчлөх шаардлагатай гэж та үзэж байна уу?
-2012 онд батлагдсан сонгуулийн хуульд олон сайн тал ч байгаа бас олон сөрөг тал ч байгаа. Зохицуулах шаардлагатай зүйл байна гэдгийг өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүн харуулсан. Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн хууль бол улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд нэг том алхам болсон хууль. Гэсэн хэдий ч бидний хүсч байсан үр дүнд хүрч чадсангүй.
Өнөөдөр манай улстөр сонгуулийн ардчилалаасаа ухарч байна. Ард түмний өгсөн сонголт эцсийн сонголт болж чадахгүй байгаад л асуудал байна. Тийм учраас сонгуулийн үр дүнг шүүхээр засварладаг, өөрчилдөг, булхайцдаг асуудлууд олон гарсан. Эдгээр олон асуудлуудыг засахын тулд сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
-Таны бодлоор сонгуулийн тогтолцоо ямар байх нь зөв бэ?
-Сонгуулийн тогтолцоогоо холимог хэвээр 48/28 -аар үлдээх нь зөв гэж үзэж байна. Энэ тоог өөрчлөх шаардлагагүй бас намын жагсаалтыг ч нэмэх хэрэггуй гэж олон нийт үзэж байгаа. Бид 2012 онд сонгуулийн можиратор тогтолцооноос холимог тогтолцооруу орохдоо ард түмнээс таван хувийн санал авсан нам парламентад орж улс төрийн намуудыг төлөвшүүлье, монголын улс төрийг соёлтой болгоё гэж энэ тогтолцоог сонгосон.
Харин 48 тойргоо жижиг тойргоор хувааж нэг намаас нэг нэр дэвшигч өрсөлддөг байхаар сонгуулийг зохион байгуулбал үндэсний эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцолд илүү үр дүн гарна. Мажоритор дээр өрсөлдсөн хүн пропорциональ руу гулгаж орохгүй, пропорциональ дээр байгаа хүн можиратор руу орж нэр дэвшиж өрсөлдөхгүй. Өөрөөр хэлбэл нэг хүнд олон дахин давуу байр суурийг олгох нь буруу гэж үзэж байна.
-Сонгуулийн хяналт, тойрог, хэсгийн хорооны бүтэц гээд олон маргаан дагуулдаг асуулууд байгаа шүү дээ?
-Сонгуулийн саналыг машинаар тоолоод гарч байгаа үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй эргэлзээ маргаан байгаа тул гараар хяналтын тооллогыг зайлшгүй хийх шаардлагатай гэж узэж байна. Сонгуулийн хэсэг, тойргийн хороодод нэг намын төлөөлөл илүү их орж байна гэсэн маргаан байгаа. Тийм учраас сонгуулийн тойрог хэсгийн хороог СЕХ биш аймаг, нийслэлийн ИТХ нь сонгуулийнхаа тойрог, хэсгийн хороог байгуулдаг болох нь чухал байна. Сонгуулийн санал тоолох ,дүнг мэдээлэх хяналт тавих ажиллагааг нээлттэй болгож хөндлөнгийн хяналт тавих механизмыг өөрчлөх шаардалагтай байна.
Тойрог, хэсгийн хороонд намуудын төлөөлөл орох нь зөв л дөө. Өмнө нь намуудын төлөөлөл ордог байсныг төрийн албан хаагчид сонгуулийн ажиллагааг явуулахаар хуулчилсан байгаа. Энэ хэт нэг намын төлөөлөлтэй болсон. Тийм учраас намууд өөрсдийн төлөөллөө оруулж санал тоолох, дүнг гаргах, хяналт тавих ажиллагаандаа оролцох боломжийг нь олгох хэрэгтэй. Ийм тохиолдолд улс төрийн намууд өөрсдөө хариуцлагаа үүрэх, хариуцлагажих, төлөвшихөд чухал алхам болно.Сонгуулийн хууль зөрчвол тухайн хүнд эрүүгийн хариуцлага хулээлгэх хэрэгтэй.
-Та сонгуулийн нууцлал алдагдаж байна гэж ярьсан байсан?
-Сонгуулийн санал нууц байх зарчим алдагдаж байгаа. Намын ажиглагчид суугаад орж ирж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бүртгээд санал өгсөн билл хайрцагнаас гарч ирэхэд тэр биллтэй нь тулгаж хэн хэний төлөө саналаа өгснийг унших нөхцөл бүрдээд байгаа.
Ингэж сонгуулийн нууцлал алдагдаж байна. Иймээс гараар тоолдог механизмыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Намаа солих, урвах асуудлыг яаж цэгцлэе гэж бодож байна?
-Намаас нэр дэвшиж суудал авч суучихаад өөр намд орох, намаасаа урвах асуудал бүх шатны сонгуулийн дараа гарч байгаа. Энэ асуудал дээр маш хатуу байр суурийг баримтлах хэрэгтэй.
Монголын ард түмний сонголтыг ингэж доромжилж болохгүй. Ийм хүмүүсийг эргүүлэн татдаг, тэр суудал дээр нөхөн сонгууль явуулдаг болгохоор хуульчилах естой байна.
-УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтатгах талаар таны бодол?
-УИХ-ын сонгууль нь төрийн эрх барих дээд байгууллагын сонгууль тул бие даасан сонгууль байх ёстой. Тийм учраас УИХ-ын сонгуулийг тусад нь нийслэл, орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах нь зүйтэй.
-Ярилцсанд баярлалаа.