Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Ононг урьж ярилцлаа.
-“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнаа амилах нь?
-Тийм ээ.
-Өнгөрсөн хавар үзэгчдийг нэг хэсэг л шуугиулсан шүү?
-Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Бүр бидний бодож байснаас ч илүү.
-Гэхдээ “Сэрүүн хасын нууц” хэдийн тайлагдчихсан. Үзэгчид өмнөх шигээ хүлээж авах болов уу?
-Аливаа жүжгийг амьдаар нь үзэх шиг сайхан зүйл байдаггүй. Энэ жүжгийг үзээгүй олон хүн бий. Тэдэнд зориулж дахин тайзнаа тоглох гэж байна. Өмнө нь үзчихсэн атлаа дахиад үзэх сонирхолтой хүн ч их байна.
-Янз нь аль эрт жүжгийн бэлтгэлдээ орчихсон бололтой?
-Тийм ээ, гурав хоногийн өмнөөс бэлтгэлээ хийж эхэлсэн. Ирэх сарын 7-ныг хүртэл бэлтгэлээ хийнэ дээ.
-Нэг зүйл их сонирхолтой санагдаад байна. Өмнө нь “Сэрүүн хасын нууц” огт тоглогдож байгаагүй гэх юм?
-Үнэн шүү.
-Бүр дэлхийн аль ч оронд уу?
-Тийм ээ. Дэлхийн аль ч оронд тавигдаж байгаагүй. Учир нь “Сэрүүн хасын нууц” бол жүжгийн зохиол биш.
-Тэгээд юу гэж?
-Жүжиг биш бэсрэг роман. Бид бэсрэг романыг жүжгийн зохиол болгосон. Үнэндээ өнөө цагт жүжгийн зохиол их ховордсон шүү дээ. Тэгээд ч өнгөрсөн хавар энэхүү жүжгийг бид асар богино хугацаанд үзэгчдийн хүртээл болгосон.
-Хэр богино хугацаанд?
-Таван сар.
-Зүгээр л машиндчихсан хэрэг үү. Үнэхээр их хөдөлмөр орсон байх нь?
-Тийм ээ, маш их хөдөлмөр орсон. Гэхдээ бид “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг илээд өнгөрөөгүй. Үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан. Энэ жүжгийг тоглох юмсан гэсэн асар их мөрөөдөл, тэмүүлэл байсан. Тийм ч учраас жүжиг маань амжилттай болж, үзэгчид ч сайхан хүлээж авсан. Гэхдээ чөлөөт уран бүтээл туурвидаг бидэнд үнэндээ ахадсан жүжиг байсан л даа.
-Яг ямар утгаараа ахадсан гэж вэ. Ур чадварын хувьд уу, эсвэл?
-Санхүүгийн хувьд яах аргагүй ахадсан жүжиг байсан. Ямар нэгэн байгууллагаар ивээн тэтгүүлээгүй. Өөрсдөө л зүтгэсэн.
-Гэхдээ л хичээл зүтгэлийн тань үр дүн гарч, үзэгчид ч “ок” үнэлгээ өгсөн шүү дээ?
-Тийм ээ, баярлалаа.
-Ингэхэд сүүлийн үед таныг кинонд ч, тайзан дээр ч харахаа байлаа?
-Наадах чинь үнэн.
-Янз нь тайзан дээр жүжиглэхээс илүү продюсерээр ажиллах сонирхолтой байгаа юм аа даа?
-Үгүй дээ. Гэхдээ аливаа уран бүтээлийн ард нэг хүн заавал сул байж байх ёстой. Алсаас удирдаж, чиглүүлж байх хэрэгтэй юм билээ. Яах вэ, амьдралын эрхээр л ийм ажил хийж явна. /Инээв/
-Уучлаарай, гэхдээ та битгий уурлаарай. Учир нь танаас нэг зүйлийг асуулгүй өнгөрч чадахгүй нь?
-За.
-Өнгөрсөн хавар “Сэрүүн хасын нууц” жүжиг тайзнаа тавигдаж байхад нэг яриа гарсан?
-Ямар.
-Та бүхнийг “УДЭТ-ын уран бүтээлчдийг ажилгүй болголоо” гэх зэргээр ярьж бичсэн. Тухайн үед ч театрынхан нэг тийм унтаа байдалтай байсан шүү дээ?
-Тийм ээ, янз бүрээр л ярьж байсан. Үнэндээ бидэнд УДЭТ-ынхантай ямар нэгэн байдлаар өрсөлдөж, сөргөлдөх санаа байхгүй.
-Тийм гэж үү. Тэгвэл “Сэрүүн хасын нууц” жүжгийг дахин тоглохдоо УДЭТ-ын жүжгийн саруудтай давхцуулсан нь ямар учиртай юм бэ. Үнэнийг хэлэхэд дээрх яриаг баталчихаад байгаа юм биш үү?
-Үнэхээр тийм зүйл байхгүй ээ. Зүгээр л надад дөрөвдүгээр сард үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрдөг юм.
-Ямар?
-Яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Юу ч хийсэн нэг л болмоор юм шиг санагддаг. Хүнд нэг тийм мэдрэмж байдаг биз дээ. Харин миний тэр мэдрэмж огт алдаж байгаагүй.
-Сонин л хариулт байна. Ингэхэд та 10 гаруй жил урлагт зүтгэж явна. Урлагийн хүн байна гэдэг их бага хэмжээгээр золиос гаргана биз?
-Тэгэлгүй яах вэ. Урлагийнхан бид үнэхээр ар гэрээ орхигдуулдаг. Нөгөө талаараа тэгж байж чанартай уран бүтээл гаргадаг юм байна. Уран бүтээлч хүн урлагт дурлаж байж л амжилтад хүрнэ. Дурлах гэдэг нь тодорхой хэмжээгээр ар гэрээ орхигдуулна л гэсэн үг шүү дээ.
Сая хэд хоног зориудаар амарч үзлээ. Тэгсэн би айлд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байна шүү дээ. Өнөө гэр орныхонтойгоо таарч тохирохгүй ч юм шиг болоод явчихдаг байгаа. /Инээв/
-Өнөөх “Өчигдөр интернэт тасраад гэрийнхэнтэйгээ жаал ярьж суулаа. Ер нь давгүй хүмүүс байдаг юм байна шүү” гэдэг онигоо шиг үү?
-Тийм ээ. Сүүлдээ манай эхнэр “Ер нь чи ажилдаа явсан нь дээр юм байна” гэсэн шүү. /Инээв/
-Хөгжилтэй юм аа. Ярилцсанд баярлалаа.