Хойд Солонгосын эрх баригчид Цагаан ордон, Пентагон болон АНУ-ын эх газрыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүллээ. Энэ мэдээлэл Солонгосын төвийн мэдээллийн агентлагийн сайтад тавигджээ.
Пхеньян АНУ-ыг бүх фронтоор довтлоно хэмээн нэг бус удаа сүрдүүлж байна. “Манай зорилго бол бүх солонгосуудын дургүйцлийг төрүүлсэн Америкийн империалистуудад цохилт өгөх” хэмээн уг мэдээлэлд онцолжээ. Хоёр улсын харилцаа ийнхүү дахин хурцдах болсон шалтгаан нь Хойд Солонгосын лидер Ким Чен Уны амь насанд халдаж буй тухай өгүүлдэг “Ярилцлага” хэмээх инээдмийн кино болоод байна.
Энэ киног бүтээсэн Sony Pictures компани кибер халдлагад өртөөд байгаа билээ. Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгалтаар, энэхүү кибер халдлагын ард Пхеньян зогсож байгаа хэмээн мэдэгдсэн ч Хойд Солонгосын эрх баригчид үүнд ямар нэг байдлаар хамаатай гэдгээ эрс няцааж, уг хэрэг ядвлыг хамтран шалгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Sony компанийг Хойд Солонгосын хакерууд довтолсон хэмээн Ерөнхийлөгч Барак Обама хүртэл цухуйлгаад амжсан юм. Харин Хойд Солонгосын тал “Бид үүнийг хийгээгүй” хэмээн мэдэгдсэн ч “Тэр бол үнэхээр зөв довтолгоо болсон байна” хэмээн үнэлсэн аж. “Хойд Солонгосын арми, ард түмэн АНУ-тай бүх л талбарт, тэр тусмаа кибер дайны талбарт ч тулгарахад бэлэн байна. Бидний хамгийн эрс шийдэмгий хариу үйлдэл Цагаан ордон, Пентагон, терроризмийн үүр уурхай болсон АНУ-ын бүх газар нутгийг хамрах болно. Обамагийн зарласан хариу үйлдлийг манай үйлдэл, довтолгоо хол давж гарах болно” хэмээн Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлагийн мэдэгдэлд онцолсон байна.
“Ярилцлага” кинонд Америкийн хоёр сэтгүүлч (Rеймс Франко, Сет Роген нар тоглосон) хөөцөлдсөөр Ким Чен Унаас ярилцлага авахаар болдог. Гэтэл Тагнуулын төв газар энэ тухай олж мэдээд сэтгүүлчдийг Хойд Солонгосын лидерийн амь насанд халдах үйл хэрэгт дайчилдаг аж. Sony Pictures компани кибер халдлагын улмаас “Ярилцлага” киног Америкийн кино театруудад гаргахаас татгалзсан нь Холливудын алдартнуудын зүгээс “Үг хэлэх эрх чөлөөг боомиллоо” гэсэн шүүмжлэлтэй тулгарчээ. Америкийн кино театрууд ч хакеруудын сүрдүүлгийг хүлээж авсныхаа дараа уг киног гаргахаас татгалзсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин