Украины Ерөнхийлөгч Петр Порошенко сэтгүүлчидтэй уулзан, Донбасс дахь нөхцөл байдал, төсвийн тухай болон украины албан хаагчдын ажлын талаар ярилцжээ. Тэрээр НАТО гэх мэт хүчний эвслүүдэд элсэхийг хориглосон байсан хуулийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн байна.
Петр Порошенкогийн хэвлэлийн бага хурал дээр тавигдсан асуултуудын ихэнх нь Украины зүүн өмнө зүг дэх зөрчил мөргөлдөөний талаар байсан нь ойлгомжтой юм. Сэтгүүлчид энэ удаагийн хэвлэлийн хурал дээр өөрсдийн “намын хамаарлаа” урьдахаас илүүтэй илэрхийлсэн байна. Тэд “Яаж хурдан дайны байдалд шилжих вэ?”, “Хэзээ Украины арми өөрийн байлдааны бэлэн байдлаа харуулах вэ?”, “Дайралтанд орох цаг аль хэдийн болсон юм биш үү?” гэх мэт асуултуудыг ахин дахин тавьж байсан аж.
Украины Ерөнхийлөгч удаан хугацаанд дипломат байдлаа хадгалахыг хичээн, Минскийн хэлэлцээр, гал зогсоох тохиролцооны талаар дурдаж, хэлцэл хийхэд уриалж байсан хэдий ч эцэстээ тэвчилгүй “тэсэрчээ”. Тэрээр “гал зогсоох төлөвлөгөө байгаа, мөн дайралтын төлөвлөгөө ч байна. Харин би яг одоо та бүхэнд хүчний харилцааны талаар хэлж чадахгүй нь. Гэвч дайралт хийхэд манай хүчин чадал хүрэлцэхгүй” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
“Украинская неделя” хэвлэлийн нэгэн сэтгүүлч шууд ингэж асуусан байна: “Салан тусгаарлагчдыг тэжээгээд байх ямар шаардлага байнаа? Тэр Донбассыг шууд л сургууль, хүүхдийн цэцэрлэг, асрамжийн газар, сувилал гээд бүх юмтай нь хамт блоклочихож болохгүй юу? Тэдэнд газ, цахилгаан эрчим хүч өгөхөө зогсоочихвол одоо өвөл, хүйтэн байгаа юм чинь тэгээд дайн зогсчих юм биш үү?” гэхэд Ерөнхийлөгч Порошенко: “Донбасс бол эзлэгдсэн газар нутаг. Тэнд бас украинчууд амьдарч байгаа. Эрчим хүч, газыг нь хаагаад, тэндээ хөлдөж үхэцгээг гээд орхие гэж бодъё. Гэвч тэнд украинчууд байгаа! Бид тэднийг хөлдөөх ёсгүй. Бид бол соёл иргэншилт улс орон! Тийм зүйл байх ёсгүй” хэмээн хариулсан аж.
Д.Мягмарсүрэн