УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд байна. Энэ удаагийн тодотголд халамжийн бодлого руу түлхүү чиглэж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
-Эдийн засгийн хямралтай үед төсвийн тодотголыг халамж руу чиглүүлж байгаа нь анхаарал татаж байна. Халамжаас танах зайлшгүй шаардлага байсан юм болов уу?
-Ерөнийдөө Монгол Улс 2013 оныг хүртэл буюу эдийн засгийн өсөлт өндөр байх үед зарим талаар хэт цамаан гэхээр зардал гаргаж байсан. Ялангуяа төрийн зарим нэг үрэлгэн зардал маш их өссөн нь эргээд эдийн засаг ачааллаа даахгүй болоход хүргэсэн гэдэг дүгнэлтийг Засгийн газар, УИХ-ын төвшинд гаргаж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээнд бүсээ чангалах, төсвийн зардлыг илүү үр ашигтай болгох хэрэгтэй.
Ингэснээрээ цаашид эдийн засгийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих чиглэлийн бодлого барьж байгааг би хувьдаа зөв гэж үзэж байгаа. Гэхдээ нөгөө талдаа төсвийн зардлыг бууруулах зорилгоор гэх нэрийдлээр ард түмний амьжиргаанд нөлөөлөхүйц буюу хэт чангалсан бодлого явуулахдаа зарим талаар болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг олон гишүүн хэлж байна. Би ч мөн адил ийм бодолтой байгаа.
-Энэ удаагийн төсвийн тодотголд сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг болиулахаар ярилцаж байна. Гэтэл үүнийг дэмжихээсээ илүү шүүмжлэх хүн олон байна. Хүүхдийн мөнгөний бодлогыг ямар байдлаар зохицуулахаар байна вэ?
-Өнөөдөр нийгмийн халамж монголд хавтгайрсан уу гэвэл хавтгайрсан. Тухайлбал, хүүх- дийн мөнгийг бүх айл өрхөд өгөх хэрэгтэй эсэхэд иргэд ч бас шүүмжлэлтэй хандаж байна. Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар салбар яамнаас тодорхой судалгаа хийсэн байна лээ.
Энэ судалгаанаас харахад Монголын нийт өрхийн 20 гаруй хувь нь хүүхдийн мөнгөө огт авч хэрэглэхгүй байна гэсэн дүн гарсан. Жишээлбэл, өнгөрсөн онд Хүүхдийн мөнгөний санд таван тэрбум гаруй төгрөг хуримтлагдсан байна. Амьдралын боломжтой, сар тутамд зайлшгүй төрөөс мөнгө авах шаардлагагүй айл өрх байгаа учраас заавал хавтгайрсан байдлаар нийгмийн халамжийг явуулах нь буруу гэдэгтэй би санал нэгддэг.
Гэхдээ нөгөө талдаа энэ мөнгө амьжиргаанд нь зайлшгүй шаардлагатай айл өрхүүд ч бий. Хүүхдийнх нь мөнгө амьдралд бодитоор нөлөөлдөг айл байгааг үгүйсгэж болохгүй.
-Та сая салбар яаман дээр судалгаа гарсан гэлээ. Энэ судалгааны дүнгээр нийт айл өрхийн хэчнээн хувьд нь халамжийн бодлого үргэлжлэн хүрэх шаардлагатай гэдэг дүгнэлт гараад байгаа юм бэ?
-ХАХНХЯ-наас энэ талаарх маш нарийн судалгаа гаргасан байгаа. Энэ судалгаанд Монгол Улсын нийт айл өрхийн 80 гаруй хувийг хамруулсан. Ингээд бага орлоготойгоос боломжийн амьдралтай хүртэл нь буюу орлогынх нь төвшнөөр 20 ангилсан. Энэ бол нэлээд нарийн, сайн судалгаа.
Эндээс харахад хамгийн өндөр орлоготой буюу дээд таван төвшний өрхөд хүүхдийн мөнгө зайлшгүй шаардлагагүй, энэ мөнгийг авч хэрэглэхгүй юм байна гэдэг нь судалгаагаар харагдсан Харин үлдсэн 15 ангилалд хамрагдаж байгаа буюу нийт өрхийн 70-80 хувьд нь хүүхдийн мөнгө үргэлжлэн хүрнэ гэж ойлгож болно.
-Хүүхдийн мөнгийг ингэж ялгаатай байдлаар олгоод эхлэхээр хүүхдүүдийг алагчилсан болчих юм биш үү?
-Эхнээсээ энэ бол хүүхдийг алагчилсан бодлого байгаагүй. Бүх хүүхдэд адил тэгш өгч байсан. Хамгийн гол нь эцэг эх нь төрөөс өгч байгаа мөнгийг авч хэрэглэхгүй байна шүү дээ. Тэгэхээр алагчлалаас сэргийлэх нэг боломж бол танаж үлдсэн мөнгийг эргээд хүүхдүүдэд зориулах ёстой гэж үзэж байгаа юм.
Тухайлбал, хүүхдийн сургууль, цэцэрлэг гэх мэтэд. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төв зэргийг бий болгосноор эргээд бүх хүүхэд хамрагдах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, нэгэнт эцэг эхчүүдийн ашиглахгүй байгаа мөнгийг илүү үр ашигтай зүйлд зарцуулъя л гэж байгаа юм. Тиймээс үүнийг хүүхдүүдийг алагчлах бодлого гэж харж болохгүй.
-Гэхдээ хүүхдийнхээ мөнгийг ирээдүйд нь зарцуулах зорилгоор хадгаламжинд хийсэн эцэг эх олон бий шүү дээ?
-Хэрвээ эцэг эхчүүд тэр мөнгийг хүүхдэдээ зориулахаар хадгалж байгаа бол өөр хэрэг. Гэтэл хүүхдийнхээ мөнгийг огт аваагүй буюу ямар нэгэн хадгаламжийн дансанд байршуулаагүй байна шүү дээ. “Төрөөс бид мөнгө авахгүй” гээд үлдчихсэн мөнгөний хэмжээ таван тэрбум болчихсон байна. Бид үүнийг л яриад байгаа юм.
-Хүүхдийн мөнгөнөөс гадна төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авдаг халамжийн мөнгөнд өөрчлөлт орохоор байгаа. Үүнийг ямар байдлаар ярилцаж байна вэ?
-Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 12 сар болгож бууруулах асуудлыг ярьсан. Үүнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь төрд үнэхээр олон жил ажилласан, ялангуяа эмч, багш нарын хувьд энэ халамжийг хүртэхэд буруудах зүйлгүй. Ер нь эмч, багш нар хэзээ ч замын дундаас орж ирээд энэ ажлыг хийгээд тэтгэвэрт гарчихдаггүй.
Энэ мэргэжлээрээ 20-30 жил ажилладаг, олонхи нь эмэгтэй хүн байдаг. Тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлдэг. Эмэгтэй хүмүүсийн авч байгаа цалин гэр бүл, үр хүүхдийнхээ амьдралд наалддаг болохоос зүгээр үрэгддэггүй Тийм учраас хүмүүсийн амьдралд шууд тус болдог мөнгийг танаж болохгүй.
Цаашлаад цалин бага тай ч гэлээ эмч, багш нарын хувьд насаараа ажилладаг атлаа ажлын нөхцөл хүнд, нийгмийн баталгаа багатай. Үндсэндээ ингэж ажил ласнаар “Тэтгэвэрт гарахдаа тийм хэмжээний мөнгө авна, үүнийгээ үр хүүхдэдээ эсвэл орон сууц авахад ч юм уу зарцуулна” гэж хүлээдэг хүмүүс учраас энэ мөнгийг байхгүй болгож болохгүй гэдэг шаардлагыг бид Засгийн газарт тавьсан
-Та бүхний шаардлагыг хэрхэн хүлээж авсан бэ Эцсийн байдлаар ямар хувилбар дээр тогтож байна вэ?
– Бидний саналыг хүлээж авсны дагуу ажилласан жилийг нь харгалзаж үзээд тухайн хүн 20 жил ажилласан бол 20 сарынхаа цалинг аваад тэтгэвэрт гардаг байхаар тусгасан. Ерөнхийдөө эмч, багш нарын хувьд 20-30 жилээр ажиллачихсан байдаг учраас энэ хугацаагаар нь тэтгэмж олгодог байх нь харьцангуй шударга зохицуулалт гэж үзэж байгаа.
Тэгэхээр энэ бол цаашдаа төрийн албан хаагчид тогтвортойгоос гадна мэргэшиж ажиллах нөхцөлийг урамшуулж байгаа хэлбэр учраас шударга зохицуулалт гэж харж байгаа. Ер нь нийгмийн хэт хавтгайрсан халамжийг зохицуулахдаа эргээд хүн амынхаа амьжиргаанд нөлөөлж болохгүй гэдэг зарчмыг барьж явах нь зүйтэй гэж би хувьдаа үздэг.
-Одонтой эхчүүдийн мөнгийг ч бас төсвийн тодотголоор танах талаар ярилцаж байгаа?
-Алдарт эхийн одонтой эхчүүдийн мөнгийг тодорхой заагтай өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, үр хүүхэд нь өсч өндийгөөд, ажил хөдөлмөр эрхлээд, тэтгэвэрт гарсан эцэг эхийгээ өргөж, тэтгээд явчих хэмжээнд хүрсэн бол магадгүй төр заавал одонтой эхчүүдийн мөнгө гэж олгох шаардлагагүй гэж үзэж байна.
Засгийн газраас гаргах гэж байгаа шийдлээр бол хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэл тухайн ээж одонгийнхоо тэтгэмжийг авч байх ёстой гэж байгаа юм. Тэгэхээр дахиж хэлэхэд хавтгайраад байгаа зарим шаардлагагүй мөнгийг хэтэрхий үрэлгэн цацмааргүй байна.
Энэ мөнгөөр бид эмнэлэг, сургууль барьж болно шүү дээ. Хавтгайрсан байдлаар биш зайлшгүй шаардлагатай хэсэгт нь л халамжийн мөнгийг олгоё гэдэг бодлого руу явах нь зөв гэж харж байгаа.
-Төвсийн тодотголтой холбоотойгоор асуухад АН, МАН-тай хамтрахаар зөвшилцөхдөө өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэдэгт санал нэгдсэн. Гэтэл Засгийн газраас өрийн таазыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн нь үл ойлголцол үүсгээд байх шиг байна. Үүнийг зөвшилцлөөсөө ухарлаа гэж ойлгох уу?
-Хоёр намын зөвшилцлийн ажлын хэсэг энэ асуудалд нэлээд нухацтай ярилцсан. Бидний ойлголцсон зүйл бол Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй байх асуудал. Өөрөөр хэлбэл Засгийн газар дахиад гадаадаас бонд босгохгүй гэсэн үг. УИХ-аас таван тэрбумын бонд авах эрхийг Засгийн газарт нээж өгсөн байдаг Гэхдээ одоогоор 1.5 тэрбумыг нь авсан, 3.5-ыг нь аваагүй байгаа.
Тэгэхээр энэ бондыг цааш нь үргэлжлүүлж авахгүй гэж тохирсон. Харин өнөөдрийн эдийн засагт зайлшгүй үгүйлэгдэж байгаа зүйл бол хувийн хэвшлийнхэн санхүүгээ өргөжүүлэх зорилгоор гаднаас мөнгө зээлэхэд өөрсдийнх нь баталгааны чадавх дутаад байна шүү дээ. Тийм учраас хөрөнгө оруулагчид бага хүүтэй зээл олгохоос болгоомжлоод байгаа учраас Монгол Улс Өрийн удирдлагынхаа хуульд нийцүүлээд тодорхой хяналтын дор хувийн хэвшлийнхнийхээ бизнесийг дэмжсэн, Засгийн газрын баталгааг нэмэгдүүлж болох юм гэдэг зүйлийг зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярилцсан. Би хувьдаа үүнийг хийх ёстой ажил гэж бодож байгаа.
Харин өрийн тааз бол нухацтай ярих асуудал Яагаад гэвэл, өр гэдэг эргээд эдийн засгийн аюулгүй байдал, улс орны санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлдөг учраас маш болгоомжтой хандах ёстой. Би хувьдаа эхлээд Өрийн удирдлагын тухай хуулийг батлах ёстой гэж үзэж байгаа. Энэ хууль бол өр гэж юу юм, ямар нөхцөлд өр тавьж болох юм, ямар хэмжээтэй байх юм, эргээд энэ өрийг хэрхэн төлөх вэ гэх мэт бүх механизмыг зохицуулсан хууль.
Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улс ийм зохицуулалтгүй явснаас болоод авсан өр маань үр ашиггүй, хяналт муутай зарцуулагдаад, эргээд эдийн засагтаа дарамт үүсгээд байна шүү дээ. Тиймээс өрийн удирдлагын тухай хуулиа эхэлж баталсныхаа дараа хуулийнхаа хяналтын дор өрөө хэрхэн нэмэх вэ гэдэг талаар ярих нь байж боломгүй зүйл гэж би харахгүй байгаа.
-Өрийн хэмжээ хуулийнхаа хязгаараас давчихсан байгаа. Гэтэл тодотголоор 53 хувьд хүргэхээр оруулаад ирсэн нь ямар учиртай юм бэ
-Угаасаа Хөгжлийн банк болон бондын санхүүжилтийг нэмэхээр 55 хувьд хүрчихээд байгаа юм Гадна явж байсан зүйлүүдийг төсөвт нэгтгэхээр ингэж өсч байна гэсэн үг. Харин гадна явж байсан гэдэг нь тухайн үеийнхээ хуулийн хүрээнд төсвөөс тусдаа явж байсан зүйл. Харин өнөөдөр санхүүгийн эрсдэлээс сэргийлэхийн тулд төсөвтөө нийлүүлэхээр өрийн хэмжээ нэмэгдчихэж байгаа юм Тэгэхээр нэгэнт бий болчихсон энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд хууль ёсны болгоод явахаас өөр аргагүй. Гэхдээ дахиж хэлэхэд Өрийн удирдлагын тухай хуулийг батлахгүйгээр өр нэмэх нь аюултай.
М.Өнөржаргал
–