Шинэчлэлийн Засгийн газарт Ц.Элбэгдорж ташуур байж чадна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 17-ны их үдэд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаж иргэд, сонгогчидтой уулзав. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар түүнийг дэмжин Шарын гол суманд ажиллалаа.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар нэр дэвшигчээ дэмжин Дархан-Уул аймагт ажиллаж байна. Ц.Элбэгдоржийн төлөө өгөх санал бол ардчиллыг бэхжүүлэхийн төлөө, бүтээн байгуулалтын төлөө, авлигын эсрэг сонголт байх болно гэдгийг тэд хэлж байлаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сүүлийн үед илрээд буй авлигын байх магадлалтай хэргүүдийн талаар ярьж, Монголын хөгжилд чөдөр болсон авлигатай Ц.Элбэгдорж л үргэлжлүүлэн тууштай тэмцэж чадна гэж байлаа.
“Авлигачдын авсан мөнгийг буцааж ард түмэнд нь өгөх ажлыг нэр дэвшигч Ц.Элбэгдорж л хийж чадна. Намайг анх Хууль зүйн сайд болоход авлигатай хатуу тэмцэх даалгаврыг Монгол Улсын Ерөнхийлөгч надад өгч байсан” гээд өөрт тохиолдсон жишээнээс дурдлаа. Х.Тэмүүжин гишүүн 2008-2012 онд нийслэлийн Баянгол дүүргийг төлөөлөн УИХ-д сууж байсан юм. Тэр үед Баянгол үүрэгт хүүхдийн эмнэлэг байтугай тасаг ч байгаагүй. Тиймээс Х.Тэмүүжин гишүүн тойрогт зарцуулах нэг тэрбум төгрөгөө ашиглан тус дүүрэгт Хүүхдийн эмнэлэг байгуулсан нь сая зургадугаар сарын 1-ний өмнө ашиглалтад орсон байна. Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг Японоос авч суурилуулжээ. Бусад эмч нар тэр тоног төхөөрөмжийн чанартай сайныг гайхаж байсан гэнэ. Эмнэлгүүдэд тендэр нэрээр шахсан тоног төхөөрөмж гарын ая даахгүй, хэдхэн сар болоод л хүний эрүүл мэндэд тус болох бус хог болж хоцордогийг эмч нар хэлдэг байжээ. Гэтэл ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хожим сайд болсон эрхмийн нууц хүүгийн гэрээс алдагдаж хог дээр хаягдсан сейфнээс зүү орох зайгүй чигжсэн 500 сая төгрөгийн үнэ бүхий юань, 600 мянган ам.доллар гарсныг сайд жишээ болгон хэллээ. Сайд нь ийм байхад эмнэлэг хэзээ ч чанартай тоног төхөөрөмжтэй болж чадахгүй. Ийм гэмт хэргүүдтэй Ц.Элбэгдорж л үргэлжлүүлэн тэмцэж чадна гээд Шарын гол сумын иргэдийг ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихийг уриаллаа. Сонгогчид ч үүнийг алга ташин хүлээж авсан юм.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн ууган охин Шарын голд мэндэлж байжээ. Охиныхоо төрсөн нутгийн сайхан сэтгэлд ард түмэнд тэрээр талархал илэрхийлээд ардчилсан Ерөнхийлөгчөө сүү өргөн дэмжихийг уриаллаа. “Ц.Элбэгдорж л ард түмнээ намчирхаж талцуулалгүй атгасан шагай шиг эвлэрүүлж авч явж чадна. Монгол Улсынхаа аюулгүй байдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орноор зөвшөөрүүлж, тогтоол гаргуулсан, ЕАБХАБ зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагад улсаа элсүүлж чадсан тэргүүн дипломатч энэ хүнийг дэмжсэнээрээ Монголын ард түмэн л хожино” гэж тэрээр хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө дөрвөн хүүтэй, нэг охин дүүгээ өргөж авсан таван хүүхэдтэй айл. Тэдэн дээрээ нэмж өнчин өрөөсөн, хайр халамжаар дутаж явсан 20-иод хүүхдийг өргөн авч, тэргүүн хатагтай Х.Болормаа, Ерөнхийлөгч хоёр тэднийгээ хүний зэрэгтэй өсгөж явааг хэллээ. Зарим нэгний адил өнчин өрөөснийг хараад хуурамч нулимс унагаж, худлаа үг хэлэлгүй халуун ам бүлдээ авч өсгөж байгаа энэ хүн Монголын ард түмнээ ч ийм маягаар эвлэрүүлэн авч явна. Ийм хүнээ дэмжээрэй хэмээлээ. Шинэчлэлийн Засгийн газарт чөдөр биш ташуур хэрэгтэй. Ийм ташуур нь Ц.Элбэгдорж байж чадна гэдгийг сонгогчид хэлж байв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Миний өвөг дээдэс ардаа алагчилдаггүй, авлигагүй Монгол орныг мөрөөддөг байсан. Гаднынхны хөлд гишгэгдсэн биш эрх чөлөөт Монгол орныг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдлийг Ц.Элбэгдорж хангаж чадах тул Ерөнхийлөгчөө дэмжиж энд ирсэн. Монгол одоо дэлхийд нэртэй болж яваа, дэлхийн хөгжилтэй улс орнуудын тоонд удахгүй орно. Миний Монгол дэлхийгээс авдаг биш, дэлхийд өгдөг орон болно. Хөдөөний уужуу ухаант ард түмэн хэнд төрийн жолоог, хэд бөхийн зодгийг атгуулахаа мэднэ ” хэмээн Шарын голынхны уухайн дуу, алга ташилтаар мялаалгав.
Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Монгол орныг олон жил эрчим хүчээр хангаж явсан Шарын голын иргэд цаашид ч Монгол орноо эрчим хүчээр хангана. Монголд хийх олон ажил байна. Олон асуудлыг бид шийдэж ирсэн, цаашид ч шийдэх олон асуудал байна. Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй. Нүүрсний уурхайн ам бүр дээрээ цахилгаан станц баривал Монгол орон эрчим хүчний диваажин болно гэж гаднынхан хэлдэг. Арваад жил ярьсан тавдугаар станц, зургаа, долдугаар станцаа барья. Багануур, Шивээ-Овоод цахилгаан станц барья” гэлээ. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, тавдугаар станцыг барих ажлыг хариуцаж буй М.Энхсайхан нар нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжин Шарын гол суманд ажилласан юм. Тэдэнд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монголыг эрчим хүчний диваажин болгох ажлыг эхлүүлэхийг газар дээр нь даалгалаа. Цаашдаа нүүрснээс бензин гаргах технологи нэвтрүүлнэ. Ингэснээр монголчууд хямд цахилгаан хэрэглэнэ. Нүүрс гэдэг баялгийг ач тусыг Шарын голын иргэд хамгийн сайн мэднэ гэж байлаа. Шинэ төмөр зам тавих, бусад бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч ажиллахаа амлаж байв. Монгол Улсын гадаад нэр хүнд сайн байж, “Чингис бонд” босгосноо ашиглан бүтээн байгуулалтыг цаг алдалгүй хийх ёстой гэлээ.
Шарын голыг хот болгоход Үндсэн хуультай харшлахгүй
Шарын гол сум есөн мянган хүн амтай, ирж очдогтойгоо нийлээд 11 мянган хүнтэй. Шарын голын төлөө зүтгэж ажиллана. Сайн үйлс бүхнийг нь дэмжиж ажил болгоно гэдгээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж амласан юм. “Би Монголынхоо ард түмний төлөө зүтгэх ёстой хүн. Намайг хоёр удаа Ерөнхий сайдаас огцроход миний ард түмэн намайг хоёр удаа татаж босгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон. Тэгэхээр би ард түмнийхээ төлөө зүтгэх өртэй. Улс төрийн тогтвортой байдлыг хангаж улсынхаа хөгжлийг урагшлуулж бүтээн байгуулалтаа өрнүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Шарын голд есөн мянган хүн амьдардгийг хүмүүс мэддэггүй, магадгүй 900 хүн амьдардаг гэж боддог байх. Тийм биш. Есөн мянган хүн амтай, ирж очдогтойгоо 11 мянган хүн амтай Шарын голыг хот болгоход Үндсэн хуультай харшлахгүй гэж байлаа. Энэ асуудлыг ирэх дөрвөн жилд шийдэж өгөхөө Шарын голын иргэдэд амлаж уг саналыг шарынголчууд алга ташин хүлээж авав.
Шарын голын нүүрсийг 80 жил ашиглах боломжтой. Нүүрс угаах үйлдвэр, цахилгаан, дулааны станцууд байгуулах боломжтой. Ингэснээр Шарын гол орчин үеийн том хот болно. Наад зах нь есөн тэрбум төгрөг зарж байж усны асуудал, арваад тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээг байгуулах юм байна. Сургууль, эмнэлгийн асуудалд ч анхаарахаа амлав. Хүүхдээ харж буй ээжүүдийн, цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийн, ахмадуудын, залуусын итгэлийг тээж, тэднийг төрд төлөөлөн ажиллана гэдгээ нэр дэвшигч илэрхийлж, Шарын голын иргэд ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж саналаа өгнө гэдгээ илэрхийлцгээж байлаа.
Д.ОЮУН