“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, Гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино үзэгчдийн хүртээл болсон цагаасаа хойш олны анхаарлыг татаад буй.
Кинонд нэгэн залуухан гэр бүл хүүхэдтэй болж чадахгүй болохоороо тээгч эх авахаар шийдэж, байр, машинаа зарж байгаа тухай өгүүлдэг. Эцсийн эцэст амьдралд эд хөрөнгө, баялаг чухал биш үр хүүхэд хэрэгтэй гэдэг санааг гаргахыг зорьжээ. Харин энэ кино нь хүйсээ солиулж төгс эмэгтэй хүн болсон Ганбууш буюу Ц.Ган-Одод тийм ч таатай биш байгаа төдийгүй эмзэглүүлсэн бололтой. Тэрээр өөрийн цахим хуудастаа “Нийгмийн нэгээхэн хэсэг хүмүүсийг Одноогийн тоглосон найруулсан ч юм уу кино болгонд шоглосон, инээдмийн чиглэлээр гаргаад байдаг. Хүний эрхэнд ноцтой, санаатайгаар халдаж байгаагийн нэгэн жишиг ч юм шиг … Хоцрогдсон арга барил, мэргэжлээрээ далимдуулсан хөөрхөн шоглолт л юм даа. Одноодноо гэж энэ дээ … Хойшид анхаарна биз дээ … АМЖИЛТ” хэмээсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн