Монголын ард түмэн эдийн засаг болоод оюуны ядууралд орсон энэ цаг үед олон нийтийн уур бухимдал, хотын утаа униар яг адилхан түвшинд очоод байна. Өдөр бүр улс төрийн хэрүүл, хэн нэгний ор хөнжлийн хов жив, сэтгэлд багтамгүй хүчирхийллийн хэргүүд… Энэ бүх хэрэгтэй, хэрэггүй мэдээллүүдийг хүн бүр хүссэн ч, эс хүссэн ч уншиж байгаа нь нийтийн соёлын бас л нэг сөрөг тал юм.
Ойрын үед Ноён уулын талаар жагсаал, цуглаан хийгдэж энд тэнд яригдаж байгаа ч хэлдэг, дуугардаг хэдэн хүмүүсийн хүрээнд л явагдаж харин өнөөх шар мэдээ мэт ард түмэнд хурдан хүрч байна уу гэвэл бас л үгүй юм. Учир нь ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгэн улс төрчийн гарт орсон бөгөөөд тэдэнд улс орны чухал мэдээлэл, соёлын тухай ойлголт өгөх нь чухал бус харин эсрэг хүчин, улс төрчдийн ор хөнжлийн хов живээр тархийг нь угаах нь энэ цаг үед хамгийн хэрэгтэй арга юм.
Цалингаараа гэр бүл, амьдралаа хангалттай тэжээж чадахгүй яваа ард түмэн жоохон ч гэсэн сэтгэлийн гэгээ авах гэж нүүр ном, жиргээ, олон нийтийн сүлжээгээр аялах боловч тэнд нь хангалттай гэгээлэг мэдээ байхгүй харин ч хэрүүл, хов жив, завхайрал, бусдыг үзэн ядах сэтгэлээр дүүрэн ертөнц хүлээнэ. Яах гэж? Хэнд хэрэгтэй гэж ард түмнийг хооронд нь талцуулж бие биесээ үзэн ядах сэтгэлд автуулна вэ?
Бидэнд эвтэй Монгол хэрэгтэй болохоос Э-тэнгүүдийг өмөөрч талцдаг Монгол хэрэггүй. Нам дагасан залуус олширч хүсэл мөрөөдлөөрөө бус алдар нэр, ашиг хонжооны төлөө залуучууд хүсэл мөрөөдлөө золиосолж, намын ч тэр хувь хүнийхээ ч тэр үнэ цэнийг алдсаар…
Ноён уулыг хамгаалах хөдөлгөөн газар авч чадахгүй байгаа гол шалтгаан нь бид Монгол улсын үнэ цэнэ, Монгол хүний үнэ цэнэ, түүх соёлоо мэдэхгүй байгаад оршиж байна. Дэлхийн соёлд бид газрын баялгаар бус өнгөрсөн үеийнхээ хийсэн бүтээсэн соёлын үнэт өвөөр ( Дүрслэх урлагийн төрөл болох уран барилга, баримал, зураг, бичиг үсгийн соёл, яруу найраг дуу хөгжим, төрт ёсны түүх) дүгнэгддэг бөгөөд өнөөдөр энэ үнэт өвийн чухал нэг хэсэг болох Хүннүгийн үеийн соёлын үнэт өв, дурсгалыг хадгалж буй Ноён уулыг бусдын гарт алдах аюултай цаг үе тулгараад байна.
Үг гэдэг хүчтэй… Монголын ард түмэн уран илтгэгчдийн үгэнд итгэж өнөөдөр далан зургаан тоть, нэг гургалдайг тэжээсээр өвөг дээдсийнхээ үлдээсэн бүх түүх соёлыг баялагтайгаа хамт харийханд алдаж байна. Бид өдөр тутмын цагт баригдсан амьдрал, цалин горьдсон энэ цаг үед чадах зүйлээрээ эх орныхоо төлөө тэмцэх хэрэгтэй байна! Энэ бол хүн бүр өөрийнхөө оюун санааг хамгаалах дархлаатай болж, хов жив бага уншиж, түүх соёлын талаар үнэн зөв мэдээллийн эрэлд гарч бусдын сайн сайхан, эх орны төлөө чадлаараа бичиж дуугарч ард түмнээ, бие биеэ хайрлан хүндлэх сэтгэлтэй болох явдал юм. Аргаа барахаараа аавынхаа толгойг маажна гэхчээр аргаа барсан улс төрчид алтны төлөө Монголын түүх, соёлыг усгах гэж байна!!! Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, үр хойчдоо хүлээлгэж өгнө! Энэ үгийг үеийн үед санан бодож эх орончдын амь нас, цусаа урсган байж бидэнд үлдээсэн эх орныхоо төлөө хэлж, хийж буй үг үйлдэл бүрээ зөв байлгахын төлөө хичээцгээе, Монголчууд минь!
Дашбалбарын Индра