Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд нь тогтсон цасан бүрхүүл өмнөх долоо хоногоос 10 гаруй хувиар нэмэгдэж, цасгүй байсан Ховд аймгийн урд талын сумд, Архангай аймгийн нийт нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн ихэнх сумд малын туурайн цастай болсон нь малын хариулга маллагаанд таатай нөлөөлж байна гэж орон нутгийн удирдлагууд ХХААЯ-нд мэдээллээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын мэдээгээр аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, “Монос” эмийн үйлдвэрийн салбартай хамтарсан ажлын хэсэг бүх сумдад ажиллажээ. Тус аймгийн хувьд цас ихтэй ч, харьцангуй дулаавтар байгаа тул өвөлжилт хэвийн, харин бага насны хүүхдийн ханиад элбэг тул хүүхэд, өндөр настангууд, малчдад эмчийн үзлэг хийж, үйлдвэрийн үнээр эмийн үйлчилгээ үзүүлсэн байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж орон нутгийн зам, давааг хусаж, цэвэрлэх шийдвэр гаргана гэлээ.
Эх сурвалж: http://www.eagle.mn/