Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.
Үүний дараа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын даргын Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийх хэлэлцээ эхэллээ.
Энэ өдөр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах бөгөөд дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.
Эрхэм зочин Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцоно. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.