УИХ-ын дарга З.Энхболд, С.Е.Нарышкин нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ

   DSC_5830Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, миний урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улс Оросын Холбооны Улстай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг бөгөөд манай хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын парламент хоорондын идэвхтэй харилцааг өргөжүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад 2014 оны 9 дүгээр сард ажлын айлчлал хийсэн. Үүний өмнө буюу 2014 оны 6 дугаар сард ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол Улсад албан ёсоор айлчилсан.Хоёр орны хооронд өндөр, дээд түвшинд ярилцсаны дагуу “Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр талууд ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг энэ онд болох дээд түвшний айлчлалын үеэр байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр хийсэн хэлэлцээрийн үеэр Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим тодорхой асуудлын шийдлийг урагшлуулах, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар ярилцсан хэмээгээд Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкины айлчлалд амжилт хүсэв.

DSC_5852

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Монгол Улсад айлчлахыг урьсанд нь Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод талархаж байна гээд Оросын Холбооны Улсын хувьд Монгол Улс нь тэргүүний ач холбогдолтой хөрш улс юм. Манай хоёр орны хамтын ажиллагаа уламжлалт сайн хөршийн харилцаанд үндэслэж, өргөн хүрээний хамтын ажиллагаа гүн гүнзгий хөгжиж ирсэн. Түүнчлэн эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааны асуудлаар манай хоёр орон адил төстэй байр суурь баримталдаг бөгөөд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад болохуйц улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй. Өнөөдрийн хэлэлцээрийн явцад хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, түүний дотор парламент хоорондын болон улс хоорондын худалдаа эдийн засгийн, хүмүүнлэгийн салбарын асуудлыг хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.

DSC_5887

Мэдээллийн үеэр парламентын тэргүүн нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. “Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн өнөөгийн байдлыг Та хэрхэн дүгнэж байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хариулахдаа, “Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа урт удаан түүхтэй. Хэдхэн хамтарсан үйлдвэр дурдахад одоогоос 50 жилийн өмнө ашиглалтад орсон “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг, одоогоос 30 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон “Эрдэнэт” хамтарсан үйлдвэр байна. Гэхдээ бэрхшээлтэй асуудлууд бий. Юуны өмнө худалдааны тэнцвэргүй байдал байна. Өнгөрсөн жил манай хоёр улсын худалдааны нийт хэмжээ 1,6 тэрбум ам.долларт хүрснээс зөвхөн 3 хувь нь Орост нийлүүлсэн Монголын экспорт байна. Энэхүү нөхцөл байдлыг өөрчлөх талаар идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай. Шинэ шатны том төслүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Мөн Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу гарах дамжин өнгөрүүлэх коридор бий болгох нь үр өгөөжтэй болно гэж үзэж байна. Тухайлбал, ОХУ-аас цахилгаан эрчим хүч, хурдны галт тэрэгний замыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих, хамтарсан тээвэр-логистикийн компани байгуулах зэрэг төслийг хэрэгжүүлж болох юм. Энэ бүхэн нь Орос, Монголын худалдаа эдийн засгийн төдийгүй бүс нутгийн томоохон төслүүд юм. Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах шаардлага бодитойгоор тулгараад байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд парламент, Засгийн газар бүх шатандаа хамтран ажиллах шаардлагатай байгаа юм” гэв.

Харин ноён С.Е.Нарышкин, “хоёр орны бүтээж бий болгосон зүйлсийг манай улс өндрөөр үнэлж байдаг. Юуны өмнө гурван хамтарсан үйлдвэрийг нэрлэх хэрэгтэй. Эдгээр нь манай хамтын ажиллагааг тэргүүлж байдаг юм. Нөгөө талаар тээврийн салбарт хэтийн төлөвтэй төслүүд байгаа гэж харж байна. Үүнд, төмөр зам, авто зам, дамжуулах хоолой зэргийг нэрлэж болно. Бид эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа, цаашид ч оролцоход бэлэн байна. Бидний түрүүний ярьснаар стратегийн түвшинд хөгжүүлэх дунд хугацааны ажил ид явагдаж байгаа. Энэ баримт бичигт одоогийн ололт амжилтаа тусгахын зэрэгцээ цаашдын хэтийн төлөвийг тодорхойлж өгнө. Парламент болон Засгийн газрын хувьд тэргүүлэх чиглэлийн зорилт болоод байгаа” гэлээ.

Түүнчлэн “Аугаа их эх орны дайнд ЗХУ ялалт байгуулахад Монгол Улс ямар хувь нэмэр оруулсан гэж Та дүгнэж байна вэ” гэсэн асуултад тэрбээр Монгол Улс, Оросын Холбооны Улстай түүхэн харилцаатай, дайны жилүүдэд ч, тайван цагт ч мөр зэрэгцэн хамтран ажилласаар ирсэн хөрш орнууд. Аугаа их эх орны дайн 1941 онд эхэлсэн тэр өдөр Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсыг дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа албан ёсоор илэрхийлсэн анхны улсуудын нэг болж байсан.

Дайны хүнд цаг үед Монголын төр, засгийн зүгээс ЗХУ-ын ард түмэнд бүхий л бололцоогоо дайчлан туслах шийдвэр гаргахад манай ард түмэн энэхүү уриаг талархан дэмжиж, “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор найдвартай ар тал болж байсан түүхтэй” хэмээн ноён С.Е.Нарышкин онцлов.

Мөн Халхын голын дайны ялалтаар гагнагдсан Монгол, Оросын ард түмний дайчин нөхөрлөл Аугаа их эх орны дайны хүнд бэрх жилүүдэд болон 1945 оны чөлөөлөх дайны үхэлтэй өрссөн өдрүүдэд улам бэхжин баяжсан хэмээн хоёр тал онцлов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …