Хөвсгөл зүгийн удам дамжсан удганы хойч үе 13 настайгаасаа хойш бөөлж явна.
Энэ хүн Монгол эх орныхоо ирээдүй, нутаг усныхаа бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө өөрийгөө зориулах Тэнгэрээс тамгатай төрсөн хүн. Өмнө нь манай сонинд хэд хэдэн удаа ярилцлага өгч байсан ба энэ удаад түүнтэй дахин хөөрөлдсөн яриагаа толилуулъя.
-Манай уншигчид Таны өмнөх ярилцлагуудыг уншаагүй байж болох юм. Ер нь олон хүн бөөгийн талаар таагүй сэтгэгдэлтэй байдаг юм байна. Энэ ер нь юутай холбоотой бол?
-Эхлээд бөөгийн талаар зарим ойлголт өгөх нь зөв байх. Бөө нь олон сая жилийн өмнө бидний өвөг дээдэс оюун санаа, онгод тэнгэр, далд ертөнцтэй харилцах замаар үүсч хөгжсөн нэгэн төрлийн мөргөл юм. Бөө нь дээд тэнгэр хийгээд бидний өвөг дээдсийн оюун санаатай шууд харьцаж тэдний мөн чанарыг биедээ буулгадаг. Бөө нь асар их хүч бүхий далд ертөнцтэй шууд харилцаж, өнгөрсөн ба одоо ирээдүй 3 цагийг 200-800 жилийн хооронд үзэж чаддаг.
Бөө хүнийг эрт дээр үеэс ихэд хүндэтгэж харьцдаг байв. Тэд ард түмний дунд нэр хүндтэй хүмүүс байлаа. Бөөг XIII зууны үед бий болсон гэж үздэг. Ер нь онгод тэнгэр, далд ертөнцтэйгөө харьцаж, зовсон хүнийг зовлонгоос нь ангижруулах гэж, амьдралын эрээн бараантай байгаа, алдаж оносон хүнийг зөв замд нь оруулж өгөх гэж л бөө болдог. Тийм болохоор бөө хүний хувь тавилан тийм ч амаргүй.
Бөөг үндсэнд нь 3 төрөлд хуваадаг. Үздэг бөө, засал хийдэг бөө, бариа хийдэг бөө гэж байдаг. Үздэг бөө нь засал хийхгүй сайн үзэж өгдөг. Засал хийдэг бөө зөвхөн засал хийнэ. Бариа хийдэг бөө нь хүний махан биеэр дамжуулан муу зүйлийг гадагшлуулдаг. Таны асуултад хариулахад нэгдүгээрт, миний бодлоор бөө гэж нэрлэгдэж байгаа хүмүүс төдийгүй, олон түмэн ч огт юм уншихгүй, түүхээ судлахгүй, юм мэдэхгүй байна.
Зүгээр л ам дамжсан яриа, хов живэнд итгэдэг болж. Хоёрдугаарт, одоо хэнийг “жинхэнэ бөө” гэдгийг хэлэхэд үнэхээр хэцүү цаг ирж дээ. Энэ цаг үеийн хувьслаар олон бөө төрж байгаа нь сайн гэхээсээ илүү саар олон зүйлийг дагуулж ард түмний дунд бөөгийн нэр хүндийг унагаж, бизнес болгож мөнгө олох хэрэгсэл болгож байгаа нь тун харамсалтай.
Миний ярилцлагыг уншаад нэг хүн ч гэсэн зөв ойлголттой болоосой гэж хүсч байгаа юм. Жишээ нь дархад бөөгийн хувьд дархад онгодоо л босгож өгдөг. Гэтэл буриад бөө дээр дархад онгод буулгуулна гээд сууж байх юм.
Ёс заншил нь ердөө таардаггүй л юм шүү дээ. Наад захын юмаа мэдэхгүйгээсээ болж хүний идэш болж байна. Миний мэдэхийн бөө болох хүн багаасаа болдог л байсан юм даа. Жинхэнэ онгод байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Одоогийн бөөгийн нэр барьсан буг чөтгөрүүдийг маргааш биш өчигдрөөс цэгцлэх хэрэгтэй байна. Энэ хүмүүс ном сайн уншиж, эртхэн өөрийнхөө нэрийг цэвэрлэж авахгүй бол болохгүй. Ах дүүгээ сүйрүүлж эцэст нь өөрөө сүйрнэ шүү. Бөөгийн ном сайн уншицгаа.
-Үүнийг тэгээд хэн, хэзээ, хэрхэн цэгцлэх болж байна. Төр засаг уу, энэ хүмүүс өөрсдөө юу? Таны бодлоор яах ёстой вэ?
-Хамгийн гол нь миний бодлоор хэн нэгний хэлснээр “бөө болсон” хүмүүс эхлээд өөрийнхөө тухай бодмоор байгаа юм. Би ер нь зөв юм хийгээд байна уу, үгүй юу гэж. Бөө нь өөрийн онгод тэнгэр болон нутаг ус өвөг дээдсээ, ах дүү, амраг садангаа таньж мэдэн тэнгэрээс тамгалагдаж, хүмүүн заяанд төрдөг. Гэтэл одоогийн бөө болж байгаа зарим хүн нутаг ус ах дүү амраг садангаа таних нь байтугай хаанаас ирсэн хэн болохоо мэдэхгүй газрын гай, ус савдгийн хорлол болон буг чөтгөрийн сүнсийг махан биедээ оруулж үүнээсээ болж зовж зүдэрч байгаагаа мэдэхгүй байна.
Нийгмийн энэ ороо бусгаа шуурганд амин зуулгын төлөө бөөгийн нэр барьсан увайгүй луйварчдын арганд орж хууртагдан амь, амьдрал хоёроо эмгэнэлтэйгээр төгсгөх нь ч байна. Бөө хүн ямар байх ёстой гэдгээ мэдэхгүй бөө боллоо гэж савсаганасан хүмүүс эгээтэй л галзуурсан гэлтэй оюун ухаан нь эрүүл биш болно. Бөө болно гэдэг тийм ч амар зүйл биш. Үүнд гадны олон хүчин зүйл, тайлагдашгүй нууц нөлөөлдөг.
Гэтэл одоогийн “буг чөтгөрүүд” хараал хийж байна гээд айлын гэрийн гадаа есөн шидийн юм булж байна. Шээсээ, цусаа цацах юм хөөрхий. Энэ бусармаг үйлдэл нь өөрсдийнх нь толгой дээр буух вий дээ. Харин жинхэнэ бөөгийн хийсэн хараал цаад талдаа очдог юм. Тэр хараал нь удам дамжин үргэлжилнэ. Тийм хараалыг сайн хариулахгүй бол 3 үед дамжин арилахгүй.
Болохгүй зүйл маш их байнаа. Эрт дээр үед цаатан бөө, урианхай бөө, дархад бөө, буриад бөө гэж байсан юм. Гэтэл одоо эмээ, өвөө, хаан, хатан буулаа гэх юм. Би л хувьдаа 20 гаруй жил бөөлж байна. Бөөгийн хувьд ийм зүйл сонсож байгаагүй. Ийм учир нь олдохгүй хүний толгой эргүүлсэн хүмүүс эртхэн больсон нь дээр шүү. Сүүлийн үед урлагийнхан их мөнгөтэй болсон болохоор ийм муухай асуудал тэдний дунд ч гарах болж. Дуучид бараг ихэнх нь бөөгийн нэр барьсан буг чөтгөрүүд болж байгаа юм байна.
Одоогийн бөө болж буй зарим нь анд нөхөд, ах дүү, амраг садангаа ирэхгүй байна гэж зүхэж, тогоог нь хөмөрнө гэж харааж байгаа нь бөөгийн ёсонд үл нийцнэ. Онгод тэнгэр бөө гэдэг чинь хаанаас ч гэсэн ах дүү, амраг садангаа харж байдаг боловч одоогийн бөөгийн нэр барьсан хуурамч нөхөд харааж л сурсан мэт. Энэ бөө гээд байгаа буг чөтгөрүүд удахгүй ах дүүгийнхээ толгойг тасдаад эцэст нь өөрөө дуусна. Гэхдээ бөөгийн асуудал удахгүй цэгцэрнэ гэж найдаж байна.
-Жинхэнэ бөө болсон эсэхээ мэдэхэд туслах арга байна уу? Та өөрөө хэрхэн бөө болсон тухай яриа сонирхолтой, хэн нэгэнд сургамжтай байж болох юм.
-Би Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын гаралтай. Ханхын бага сургуульд сурч байгаад өвдөөд хотруу оношлуулах гэж ирээд онош нь олдохгүй, тэр үед Амгаланбаатар хот гэж нэрлэж байсан одоогийн Чулуун овоонд байж байгаад дахиад яг юу нь мэдэгдэхгүй өвдөөд эхэлсэн. Ер нь би сургуульд сурч байхдаа уул, ус, газар шороо гээд олон юм зүүдлээд ердөө болохгүй байхаар нь Хөвсгөл рүү ярьж асуухад намайг “бөөгийн өвчин” ороосон байна гээд буцаж Хөвсгөлдөө очоод хүнээр арга засал хийлгээд тэр хүн намайг бөөгийн онгод тэнгэртэй минь залгаж өгсөн дөө. Монголд бөө байхгүй бөөг мэдэхгүй үед би бөө болж байсан юм.
Би 13 настайдаа бөө болсон цагаасаа хойш 24 жил бөөлж байна. Эргээд харахад багагүй хугацаа их л хурдан өнгөрсөн байх юм. Онгод тэнгэрээ авах гэж их хүч гаргаж өөрөө онгодынхоо хувцсыг хийж байлаа.
Онгодоо өөрөө барьж байхад энэ муухай цаг ирэхийг онгод тэнгэр минь анх хэлсэн юм. Тэр үед хохирчихгүйхэн шиг яваарай гэж билээ. Зөв явж чадвал өөрийн бие сэтгэлээр бүх юм ойлгомжтой болж өөрийгөө таньж чадна гэж байсан нь одоогийн энэ муухай үеийг харсных болов уу. Бөө болно гэж тийм ч амар биш гэж дээр хэлсэн. Би бөө болоод 20 жил явганаар, хуягтайгаар уул ус онгод тэнгэртэйгээ харьцаж тэдэнд залгагдаж байлаа. Намайг бөө болох гэж байхад хэр баргийн хүмүүс ойлгохгүй мэдэхгүй их л айдаг байсан.
Тэр цагаас хойш одоо болтол бөөгийнхөө арга чаргаар олон түмэндээ тус хийгээд л явж байна даа. Намайг Хөвсгөлөөс орж ирэхэд миний тухай айлууд дам сонсоод гэртээ урьж арга заслаа хийлгэдэг байсан.
-Бөө хүний хувцас хэнгэрэг, хэрэглэл ямар байх ёстой вэ? Таны хэлж байгаа жинхэнэ бөө биш хүмүүс хувцас хэрэглээ зөв сонгож чаддаг юм болов уу?
-Бөөгийн онгодыг багш нь оруулж, шавь болж байгаа бөө нь багшийнхаа хэлснээр хийх ёстой. Гэтэл багшаасаа дээгүүр суудалд суусан юм шиг том, том хэнгэрэг барьчихаад түүн дээрээ учрыг нь ойлгохгүй их юм зурчихсан, зарим нь бүр гурвалжин хэнгэрэг барьж байх юм.
Багшийн хэлснээр хэнгэрэн дээрээ тэнгэрээ буулгаж аваад тэгээд онгодын хэлснээр хувцас хуяг хийж, өдөр судар харж байж, сайн цагт лусын гүйдэлгүй, хүн тавьсан газраас хол, 9 хоног цээр хийж, тогтсон газар очиж онгодоо авдаг. Гэтэл одоо гэртээ хэнгэрэг гэсэн юмаа өдөр, шөнөгүй “балбаад” байх юм. Ингэж бөө болдоггүй юм. Бас гэртээ бөө болсон, гэрийнх нь тооноор нь онгод нь гэрэл цацраад бие нь орсон ч гэх шиг ийм сонин юм ярьж л суух юм. Мөн гэртээ унтаж байхад зүүдэнд онгод орсон гэж ярих юм. Ийм юм ярьж байгаа хүн бөө гэж хэлэхээсэз ичих хэрэгтэй.
Бөө болох хүн удам угсаа дамжиж бөө болдог байхад энэ цагт хэнийг ч хамаагүй болгодог болж дээ. Бөө хүний унаа нь ямар лусаар хөлөлсөнийг өнгөөр нь хэлж өгдөг байхад өөрөө дураараа хэнгэрэгэн дээрээ зурчих юм. Тэр зурсан юмыг нь асуухад ч бөө нь өөрөө тайлбарлаж чадахгүй байна. Иймэрхүү бөөгийн сүг болсон буг чөтгөрүүд их байна шүү. Ер нь бөө гэдэг чинь удамд нэг л тодордог байхад өнөө үед нэг гэрт 2-3 бүр түүнээс ч олон бөөтэй болжээ. Эдгээр буг чөтгөр уул ус их бузарлаж байна. Богд уул хавиар бөөгийн хувцас хэрэглэл их л хаяж байна.
Тэр хүмүүс чадахгүйгээ ойлгоод хувцсаа хаяж байгаа нь нэг талдаа зөв ч уг нь бол хүн малаас зайдуу, модгүй жалганд өөртөө ч өрөөлд ч хор нөлөөгүй шатаах хэрэгтэй. Ил тавьсан юм нь нэг ядарсан айлын хүнд наалдана. Тэр нь одоогийн бөөгийн нэр барьсан буг чөтгөрт аятайхан далим болж “чи бөө болох ёстой” гээд дахиад нэг айл гэрийн амьдралыг сүйрүүлэх ажилдаа орно шүү дээ.
Гэхдээ хүний мөс муудаж бөөгийн нэр барьж бусдыг золиос болгосон буг чөтгөрүүд одоо түрүүчээсээ сүйрч байна. Өөрийгөө буг чөтгөр гэдгээ мэдэхгүй хүмүүс маш олон болж дээ.
-Таныг нутаг усны төлөө сэтгэл зовж явдгийг мэднэ. Сүүлийн үед тендер, лиценз нэрийн дор газар нутаг маань юу болоод байна даа гэж бодогдох юм. Та энэ талаар уншигчдадаа юу хэлэх вэ?
-Монгол улс дэлхийн усны нөөц буюу эх үүсвэр учраас газар нутгаар их оролдвол дэлхийд олон асуудал тулгарна. Учир нь Монгол улс дэлхийн зүрхэн хэсэгт оршин тогтнодог.
Би Монгол улсынхаа ирээдүйг маш сайхнаар харж байгаа ч Монгол орныг маань хөгжүүлэх сонирхолгүй ямар ч эх орноо гэсэн сэтгэлгүй хүмүүс ард түмнээ ядуу болгож, өөрсдөө ах дүү амраг садангаараа хагартлаа баяжиж байна. Эдний олонх нь идэж уусан мөнгөөрөө гадаадад гараад хаус худалдаж аваад амьдарчихна, хийсэн хэргээсээ зугатчихна гэж боддог бололтой.
Монгол хүнд чинь харах тэнгэр гэж байдаг юм. “Миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэдэг биш билүү? Одоо бид газар нутгаа бүрэн бүтэн байгаа гэдэгт итгэхэд хэцүү болсон байна. Яагаад гэвэл энэ олон лицензийн ард дандаа л хятадууд голдуу гадныхан байх юм. Яагаад ийм болов гэхээр төрийн бодлого буруу байсан гэсэн үг. Ингэж Монгол улсын гал голомт, үндэс угсаа бузарлагдаж байхад төрийн толгойд байгаа хүмүүс монгол хүн мөн үү? гэж асуумаар байдаг юм.
Хөдөө өссөн хүн бүр нутаг усаа, газар шороогоо санагалздаг, бас хайрладаг байх. Би их тайгаасаа гараад явахдаа эргэж хараад уйлдаг, тайгадаа эргээд ирэхэд дотор маань онгойдог юм. Харин орчин үеийн хот суурин газар төрж өссөн хүмүүст тийм мэдрэмж байдаггүй бололтой. Монгол эх орны маань газрын баялаг улс орнуудын шуналыг их хөдөлгөдөг нь ойлгомжтой.
Та бүхэн хаашаа ч харсан монгол орны уудам тал, баянхангай байна. Гэтэл усныхаа ундарга дээр барилга бариад хотоо хөгжүүлж байнаа гэх юм. Харин гадныхантай нийлж эх орныхоо газар нутгийг юман чинээ бодолгүй худалддаг хүмүүс одоо ч яахав баян тансаг болдог л юм байж. Харин хойч үе нь тэдний нүглийг яаж үүрнэ дээ. Энэ тухай бодож үзээсэй.
Алт нь дэлхийн усыг тэнцвэржүүлж байдаг. Ус чандмань эрдэнэ гэдэг. Усгүй бол хэд хоног амьдрах уу? Харин алтгүй байлаа гээд хүн амьдарсаар л байдаг. Алтыг нь аваад авдрыг нь гэдэг дээ. Миний Хөвсгөл нутагт хүртэл алтны уурхай дүүрч уул ус тэгширсэн сайхан хангайн ховор эмийн ургамал устаж үгүй болох аюултай байна.
Хөвсгөл нутгийг маань сүйрүүлж бус хөгжүүлж өгвөл тэр сайхан байгалийн үзэсгэлэнт газраас мөнгө олох боломж байна. Хөвсгөл далай ширгэвэл яана?. Монгол нутаг сүйрлээ л гэсэн үг. Иймээс энэ олон алтны лицензээ зогсоовол яасан юм бэ? Эрх мэдэлтэнгүүд ээ. Энэ олон алтны уурхай маш олон гол мөрөнг ширгээснийг бид мэднэ. Монгол улсын төр энэ тал дээр юу хийж байгаа юм бэ?
Энэ төрийн хийж буй зүйл нь хөвсгөлчүүд бидэнд төдийгүй монголчуудад харагдах, нялзах зүйл алга. Нэг засаг солигдоод өөрийнхөө хүмүүсээ тавьж байна гээд баахан халаа солио хийнэ. Засаг дарга гээд байгаа мануухайнууд авилга аваад л байх юм. Яасан ч ханаж цаддаггүй хүмүүс вэ? Тэд тун удахгүй баялагийн хараал хүрч ах дүү амраг саднаараа сүйрэх болно.
-Монголыг монголоор нь үлдээхэд одоо цагт юунд анхаарах хэрэгтэй вэ? Та төрийн эрх баригчид төдийгүй ард түмэндээ хандаж юу хэлэх вэ?
-Монгол улсад төр нь иргэд рүүгээ хандсан ажил хийхгүй байна. Миний хувьд тэр сайхан хөдөөнөөсөө хотод шилжиж ирэхгүй байсан. Малчид руу хандсан бодлого алга. Гэтэл бид малынхаа буянаар сайхан амьдарч ирсэн, одоо ч сайхан амьдарч байна. Малгүй болсон хөдөөний хүмүүс хот сайхан гээд явдаг, жил ч бололгүй хөдөө рүүгээ буцдаг. Төрийн томчуудыг гадаадаас хоолныхоо махыг авчирч иддэг гэж сонссон. Мөн ч баян болж дээ. Тийм үү хүмүүс ээ. Гэтэл монгол малын мах хамгийн амттай, хамгийн чанартай нь биш билүү?
Монголын ард түмэнд ажил хийе гэсэн ч олдохгүй, ажил хийлээ гэхэд цалинг нь өгдөггүй, насны хязгаар тогтоогоод ажилд авдаггүй гэх юм. Харин хятадууд хэдэн мянгаараа ирээд л зам, барилга дээр ажилладаг болж. Энэ арай дэндэж байгаа биш үү.
Их хурлын 76 гишүүн суудлаасаа буух сонирхолгүй, эд нар шиг улс гүрнээ худалдаж идсэн хүмүүсээс ангижрах цаг болсон бус уу? Гэхдээ Монгол төрийг удирдах хүн маань жинхэнэ монгол цустай, монгол хүнийг үнэлдэг, алсын хараатай, улс гүрэн ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн байх хэрэгтэй.
Монгол хүн уг нь их амны хишигтэй хүмүүс. Монгол улс мөхөхгүй. Харин дээдсүүд нь эх орныг маань мөхөөж алтыг нь аваад зугтах гээд байгаа шүү гэдгийг би хэлэх гээд байгаа шүү. Монгол хүн их уншиж нэгийг бодох хэрэгтэй байна шүү. Би өөрөө шашны хүн. Лам хүний нэр хүндийг гутаасан хүмүүс олон байна. Зарим лам нар ч ёс жаягаа ч алдаж байна. Бурханыхаа нэрийг ч мэдэхгүй лам нарт яаж итгэх болж байна? Шашны сургуульд юугаа сурсан толгой вэ? Дээр үеийн чадалтай сайн сайн лам нарыг устгаснаас хойш сайн номтой лам гарч ирэхгүй л байна уу даа гэж би боддог. Сайн ламын шавь ч алга болж байна.
Монголын өв соёл монголынх биш боллоо, Монголчуудаа. Түүхэндээ урд хөрш Монгол улсыг эзлэх гээд чадаагүй. Гэтэл одоогийн төр засаг Монголоо эзлүүлээд байна уу даа гэж бодох юм. Энэ засаг төр хуулийг уландаа гишгэж төр биш болгоод эхэллээ. Удахгүй бид өөрсдийн гэж хэлэх өв соёлгүй болох гээд байна шүү. Энэ төр засаг хаа холоос хувхай яс хэл ам болон авч ирээд үзмэр болгон хүний хүүхдийн хармаан дах хэдэн төгрөгөөр үзүүлж байна.
Ингэж байхаар хятадуудын хулгай хийгээд өөрийн нэр дээр бүртгүүлж байгаа өв соёлоо өөрийн болгох талаар тэмцмээр юм. Олон монгол охид гадны хүнтэй суугаад алга боллоо.
Зарим нь аз жаргалтай л байгаа байх. Гэхдээ олонх нь хүний нутагт хүний наймааны золиос болон тарчилж байна. Хэзээ хэн монгол хүний тухай бодох болж байнаа? Төр нь олигтойхон байгаад хүмүүс нь ажил төрөл, орлоготой бол ингэж явах уу?. Тулга тойрсон хэрүүл хийдэг төрийн томчууд ард түмнээ элгээр нь хэвтүүлж байна шүү. Тэдгээр хүмүүсийг хараал идэж хараалын хаалгаар үр хүүхэд, ах дүүгээрээ орж, эргэж хүн төрлөө ч олохгүй сүйрнэ дээ.
Ер нь монгол хүний ухамсар их доройтоод байна. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэсэн зүйр үг байдаг. Торгуулах хүн олдохгүй байна гэж ярьж байсан цагдааг сонссон. Энэ нь эрх баригчид нь төрийн мөнгөөр тоглож дуусаад ядарсан иргэдийнхээ халааснаас цагдаа нарын олсон торгуулийн мөнгөөр өөрсдийнхөө идсэнийг нөхдөг арчаагүй арга юм гэж боддог. Цагдаагийн байгууллагад итгэхэд ч хэцүү болж. Хуульзүйн сайд нь цагдаа нарынхаа хувцсыг сольж бизнес хийлээ.
Дараагийн хүн мөн л ингэх байх. Ингээд л төрийн мөнгийг угаасаар байх уу? Төрд гарсан хүмүүсийг бүгдийг нь сольж шинэчлэх цаг болсон гэж бодож байна. Чингис хааны байгуулж өгсөн хөх толбот монголчууд хэмээх нэртэй монгол хүн хаа явна вэ? Монгол хүн өөрөө монголын эд баялаг мөн адил юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ билээ. Хөх толбот монгол хүн дэлхийн хөгжил рүү хэд дахин урагш алхах зам байвч сэтгэлгээний ядууралд орж, зөвхөн өнөөдрөө харсан ахархан бодолд живж, алс ирээдүйгээ сайн сайхнаар харах зүрх зориг мохож явна.
Монголчууд бид уламжлалт өв соёлдоо хандах хандлага, оюун санаа хүн чанар зэвэрч, гутарч гундаж уруудаж явна уу даа гэж өөрийн эрхгүй бодогдоно. Одоогийн залуучууд гүн нойрноосоо сэрж, хийх бүтээх оюун санаагаа дайчлах өвгөд хөгшдөө дээдлэн асарч хамгаалах цаг бидний өмнө ирээгүй гэж үү?
Монголчууд бид бүгдийн амьдарч буй орчин тойрон, улс нийгэм маань өдрөөс өдөрт доройтсоор байх шиг. Монгол хүн зурсан зурагтай, төрсөн төөрөгтэй, сайн сайхан явах хувь хишиг заяатай хүмүүс билээ. Ард түмэн маань энэ хишиг буянаа төдийлөн хүртэж амсаж чадахгүй байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгсэн. Гэтэл улс төр нь нам намаараа талцан хэрэлдсээр байтал, ард түмэн хоолтой хоосноороо ялгарч баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна.
Эцэст нь минии хэлэх үг.
Монгол улсын аюулгүй байдал юу болоод байна гэж бодогдох боллоо. Монгол хүн монголоороо байж чадахгуй байна. Монгол хүний үнэ цэнэ алга болсоор байна. Харин монгол хүн эх орондоо сайхан амьдрах эрх чөлөө удахгүй ирж гадаадын гар хөл болсон хүмүүс хараалаа идээд явах замдаа орноо.
Миний хэлэх үг. гэвэл Монголыг далан зургаан луйварчингаас салгаж ерөнхийлөгчийн засаглалтай болговол арай хурдан хөгжиж чадна. Монголоор дүүрэн хятадууд, бас монголчуудын амьдрал улам хүнд болоод байхад ийм төрөөр яах юм бэ?
Тун удахгүй төрийг цэгцлэх хүн гарч ирнэ. Монгол улсыг хөгжихөд энэ 76 хүн тэднийг дагалдан баясагчид их саад хийж байна. Баахан дарга нарын орон тоог цөөлж, ажлын байр нэмэгдүүлэн, ядарсан хүмүүсийн амьдралыг өөд нь татмаар байна. Монгол улс хөгжихөд амархан байна. Зөвхөн төрийн толгойд гарсан хэдхэн хүн идэх гээд улайрах юм.
Гадныхантай завхайрч байгаа монгол охид хэдхэн халтар мөнгөний араас гүйж байна. Хятадуудын хүүхдийг төрүүлсэн охид олшроод монгол цус алга болох гээд байна. Энэ талаар Монголчууд, төрийн өндөрлөгүүд бодох цаг болсон бус уу. Монголд үнэн юм хэлсэн хүний үгийг сонсохгүй амыг нь таглаад байна. Энэ юу гэсэн үг вэ? Монголын төр төр биш болоо юу даа гэж бодох үе ч гарах юм.
Монголын төрийн эрх баригчид үнэн үг хэлсэн хүнийг шоронд хийж тэр асч байгаа эрч хүчийг нь унтрааж ноомой юм болгох гэж байна. Гэхдээ монгол хүний эрч хүч хэзээ ч унтрахгүй. Ийм шударга ёсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс монгол хүн мөн үү, би эргэлзэж байна. Гэхдээ удахгүй Монголын шинэ асар хүчтэй нам гарч ирэн бүгдийг эргүүлж, энэ төр үүний өмнөх төрийн эздүүдтэй бүгдийг тооцож асуудал үүсгэнэ. Монгол хүн эх орондоо санаа амар суух үе удахгүй ирнээ.
Удахгүй бүх юм эхэлнээ. Энэ бөөгийн нэр барьсан чөтгөрүүд бүгд залуугаараа дуусна. Монголчуудаа сэрцгээ.
Эх сурвалж: “Хөх толбо”