Төрийн дээд цол, одон, медаль гардуулав

2R3A2892Монгол түмний уламжлалт  сар шинийн баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, барилга, аж үйлдвэр, мал аж ахуй болон байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Япон Улсын мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга,“Мяагино” дэвжээний бөх, Монгол Улсын иргэн Мөнхбатын Даваажаргалыг,

Монгол Улсын гавьяат малчин цолоор Төв аймгийн Бүрэн сумын малчин Балжингийн Батпүрэв, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Доржийн Дашзэвэг нарыг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн дулааны инженер Нямын Лувсангомбо, Баян-Өлгий аймгийн “Аватекс Хайнар” ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн зөвлөх инженер Таукейн Халифа нарыг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор БОНХЯ-ны ахмад ажилтан Жанчивын Баатарсүрэнг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор “Алтан дуулга” ХХК-ийн зөвлөх архитектор Ганжууржавын Лувсандорж, СХД-ийн 32-р хорооны иргэн, ахмад хилчин Самбуугийн Самдандовжид, Дархан-Уул аймгийн “Дархан орд харш” ХХК-ийн ерөнхий инженер, ахмад барилгачин Чүлтэмсүрэнгийн Баатаржав нарыг,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Япон улсын Мэргэжлийн Сумогийн их аварга Мангалжавын Ананд, Нийслэлий 18 дугаар сургуулийн зөвлөх багш, Уулын спортын ахмад тамирчин Санжаагийн Заяа нарыг,

Монгол Улсын гавьяат багш цолоор “Монголын Ахмад багш нарын холбоо” ТББ-ын тэргүүн Доржийн Амар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын ахмад багш Санжгончигийн Батсуурь, Орхон аймгийн Эрдэм ахлах сургуулийн “Уран өд” дугуйлангийн монгол хэл уран зохиолын багш Дамдинсүрэнгийн Мандахсан, Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн согог зүйч багш Жамбалын Оюунчимэг, Нийслэлийн 2 дугаар сургуулийн бага ангийн ахмад багш Зандангийн Хишигжаргал нарыг,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Эрүүл мэндийн яамны Спорт бэлтгэлийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Лувсанзундуйн Ням, Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дасгалжуулагч Чүлтэмсүрэнгийн Раднаабазар нарыг,

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Дундговь аймгийн Алтат цагаан толгой ХХК-ийн дархан Жаалын Пүрэвийг,

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Баянмонгол чуулгын удирдаач Бадамхандын Нямдоржийг,

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Архангай аймгийн Өгийнуур  сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Дашбалжирын Галбадрахыг,

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Дамбын Базаргүрийг,

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын ахмад ажилтан Дүгэрийн Гомбосүрэнг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Япон улсын Мэргэжлийн сумогийн “Такасаго” дэвжээний бөх Бадарчийн Дашням, ХУД-ийн 15-р хорооны иргэн, чөлөөт уран бүтээлч Цэгмидийн Төмөрхуяг нарыг,

Алтангадас одонгоор МИАТ ТӨХК-ийн нислэгийн хэлтсийн агаарын хөлгийн дарга Таштуаны Ауезийг,

Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний ахмад ажилтан,  бэлтгэл дэд хурандаа Дэнзэнгийн Чойбаатарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Засгийн газрын Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын үйлчлэгч Цэрэннадмидын Чадраабалыг,

Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Жовдын Хүдэрчулууныг тус тус шагналаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнагдагсдад хандан үг хэлэв. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс Монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Золбоо хийморийн бэлгэдэл хөх морин жилийн төвөргөөн алсарч, хотлоор жаргах хонин жил айлчлан ирж байна.

XVII жарны модон хонин жилийн босгон дээр эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурьсгаж яваа бид бүхний бахархалын эзэн алдар болсон гавьяат тамирчин, мөн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа монголын түүхийг бичилцэж буй багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, архитектор, инженер, хилчин, тамирчин, дасгалжуулагч, удирдаач, дархан зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эзэн – иргэд маань төрийн эрхэм дээд цол, одон, медаль хүртэж байна.

Япон улсын мэргэжлийн сумо бөхийн дээд зиндааны барилдаанд гучин гурвантаа  түрүүлэн, түүхэн шинэ амжилт тогтоосон Дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав хүү баатруудтай боллоо.

Нүүдэлчин түмнийхээ өв соёлыг уламжлан, хагас зуу гаруй жил мал маллаж, Улсын чанарын аварга, Улсын сайн малчны болзлыг биелүүлэн, найман хүүхдээ мянгат малчин болгож, олон арван айл өрхийг малжуулсан Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт багийн малчин Балжингийн Батпүрэв гуай, сумынхаа анхны мянгат малчин, аймгийнхаа анхны хоёр мянгат малчин, улсынхаа анхны гурван мянгат малчин болж, мал маллах арга ухааны гүнд нэвтэрсэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Доржийн Дашзэвэг гуай нар Гавьяат малчин цол хүртлээ.

Монгол Улсын дархан хилийг хамгаалах, бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд ухамсарт амьдралаа бүрэн зориулж, хилийн 8 отряд, 25 застав, 40 гаруй харуулын байр барих ажлыг гардан удирдсан хурандаа Самбуугийн Самдандовжид гуай Гавьяат барилгачин цол хүртэж байна.

Билгийн улирлын өлзийтэй сайхан энэ өдрүүдэд олон иргэн маань өөр өөрсдийн гавьяа зүтгэлээ төрөөрөө үнэлүүлж байна. Шагнал хүртсэн иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе.

Монголчууд морин жилийн хатираанд гурван сая дахь иргэнээ угтан авлаа. Бид улам олуулаа болж, Монгол Улс цэцэглэн хөгжиж, даяар Монголын гал голомт өнө мөнхөд мандан бадрахын бэлгэ ерөөл биелэн оршиж байна. Зон олны минь буян өлзий дэлгэрч, үр хүүхэд, өвгөд хөгшидийн маань баяр цэнгэл бялхсан сайхан жил гарч байна. Ирж байгаа хонин жил монгол түмэнд минь ээл ивээлээ хайрлаж улс орны минь урагшлах зам, бүтээх ирээдүй улам өөдрөг байх болтугай.

Мөнх хөх тэнгэр Монгол түмнийг минь өнөд ивээг” гэлээ.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …