Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 9-нд эхлээд байгаа билээ. Өмнөх жилүүдэд хоёрдугаар сарын 1-нээс эхэлдэг байсан бүртгэл энэ жил журамд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэд хоногоор хойшилсон аж. Элсэлтийн шалгалтын журамд монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна.
Тухайлбал, монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл Улаанбаатар хотын цагаар энэ сарын 9-ний 09:00 цагт эхэлж, гуравдугаар сарын 09-ний 18:00 цагт дуусах аж. Мөн хугацаа цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй байхаар болжээ. Түүнчлэн энэ онд 12 дугаар анги төгсөж буй шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийх юм байна. Харин өмнөх оны шалгуулагчид заавал онлайнаар энэ шалгалтын бүртгэлд хамрагдах учиртай аж.
Ингээд Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авах бөгөөд Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин энэ шалгалтад хамрагдах юм байна. Дахин шалгалтад 400-аас дээш оноо авсан ч эхний шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид шалгалтад орох боломжгүй. Үүнээс гадна элсэлтийн шалгалтад орохдоо авчирдаг байсан материал дээр Монгол хэл бичгийн шалгалтад тэнцэж элсэлтийн шалгалт өгөх эрхтэй боллоо гэсэн эрхийн бичиг нэмэгдсэн талаар албаны хүн хэллээ.
Энэ жилийн хувьд ЕБС-ийг 19293 сурагч төгсөж байгаа бөгөөд үүн дээр өмнөх онд төгссөн шалгуулагчид нэмэгдээд нийт 25 мянга орчим шалгуулагч элсэлтийн шалгалт өгнө гэсэн тооцоо гарчээ.
эх сурвалж: www.shuurhai.mn