Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгоор өдөр тутам цагийн болон байнгын ажлын байранд зуучлах,төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө өгөх, оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх, дадлагад зуучлах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Тус биржид өнөөдрийн байдлаар цагийн ажлын нээлттэй орон тоо 220 байна. Үүнд байгууллагын сурталчилгаа, боршюур, тараах материал, сонин, урилга тараах, цэвэрлэгээ, лавлах утасны оператор, ачаа зөөх, айл нүүлгэх, борлуулалт, зөөгч, хүргэлт, гадаад хэлний цагийн багш, бүх төрлийн хөгжмийн багш, орчуулга гэх мэт ажлын байрнууд байгаа аж.
Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид өдөрт 50-70 залуус ажил хайн ирдэг ба тэдний 70 хувь нь цагийн ажил хайж байгаа оюутан залуус байдаг байна. Цагийн ажил хийснээр тухайн оюутан ажлын туршлага олж авахаас гадна цагийн менежменттэй болох, хамт олонтой болох, ажлын хариуцлагатай болох зэрэг олон давуу талыг өөртөө бий болгох боломжтой юм.