УИХ-ын дарга З.Энхболд Японы “Шинжлэх ухааны ордон”-той танилцлаа

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Японы Шинжлэх ухааны ордонд зочилж, “Шинжлэх ухааны ирээдүй” музейг үзэж сонирхов.

DSC_8193

“Шинжлэх ухааны ирээдүй” музейг Японы анхны сансрын нисгэгч  Dr.Мамору Мори /1992 он, 2000 онд сансарт нисч байсан/ УИХ-ын даргад танилцуулж тайлбарлав. 1995 оны 11 дүгээр сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн суурь хууль”, 1996 оны 6 дугаар сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн дагуу “Олон улсын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний тосгон” хэмээх нэртэй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний цогцолбор хотхон 1998 онд Токио хотын дэргэдэх “Одайба” хиймэл арал дээр байгуулагджээ. 2000 онд уг хотхонд нийтэд зориулсан музей байгуулах шийдвэр гарсны дагуу “Шинжлэх ухааны ирээдүй” буюу японоор “Кагаку Мирай Кан”, англиар The National Museum of Emerging Science and Innovation хэмээх нэртэйгээр 2001 оны 3 дугаар сард байгуулагдаж ашиглалтад орсон байна.

DSC_8206a

Энэхүү музей нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн гол гол нээлтүүд, ирээдүйн дүр зураг, төсөөллийг харуулсан сэдэвчилсэн үзмэрүүдтэй бөгөөд музей тайлбарлагч болох эрдэм шинжилгээний залуу ажилтнууд үзмэрийг тайлбарлах, үзэгчидтэй хамт туршилт хийх, тоглож наадах зэргээр үзэгчдэд шинжлэх ухаан, технологийг илүү ойлгомжтой, хялбаршуулсан аргаар тайлбарлаж ойлгуулах, биеэр мэдрэх боломж олгодог аж. Мөн Монголын шинжилгээний ажилтнуудыг энэхүү музейд ажиллуулах боломж бий хэмээн УИХ-ын даргад хэлж байв.

DSC_8264a

Дэлхийн үүсэл хөгжил болон манай дэлхий 50 мянган километрийн зайнаас хэрхэн харагддагийг энэхүү музейд үзэж сонирхож болох аж. Мөн Японы анхны сансрын нисгэгч Dr. Мамору Мори өөрийн нисч байсан сансрын хөлгийг үзүүлсний зэрэгцээ тухайн хөлгийг ирж үзэж сонирхон гарын үсгээ зурж байсан Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд үзүүлж сонирхуулав.

DSC_8209a

Дэлхийн ертөнцийн гарал үүслээс авахуулаад эд эс, сансар огторгуй, газар зүй, физик, хими, робот гээд бүхий л салбарыг хамарсан энэхүү сонирхолтой үзэсгэлэнг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Япон Улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн дэлхийн төр, засгийн тэргүүн, олон улстөрч үзэж сонирхож байжээ. Иргэд “Шинжлэх ухааны ирээдүй” музейн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.miraikan.jst.go.jp/en/ сайтаас харж болох юм байна.

DSC_8155a DSC_8291a

Түүнчлэн уг музей нь Японы эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрөөр гаргаж авсан зарим туршилтыг ашиглах эсэх талаар иргэдээс санал асуулга явуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хүний арьсны эд эсийн тусламжтайгаар хиймэл эрхтэн ургуулах туршилтын талаар санал асуулга явуулж байгаагаа танилцуулсан юм.

DSC_8255a

УИХ-ын дарга З.Энхболдыг Японы Шинжлэх ухааны ордонтой танилцахад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …