Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.06 км автозамын гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, явган хүний зам гэхлэн иж бүрэн шинэчлэх ажлыг “DRJ” компани гүйцэтгэж байгаа. Тус компани өнгөрсөн 2014 оны тавдугаар сараас зам засварын ажлыг эхлүүлээд явж буй. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Концессын гэрээний дагуу тус компани уг замын ажлыг хийгээд явж байна.Саяхан хэвлэл мэдээллээр тус компанийн барьж буй замыг хоёр сарын “нас”-тай зам болсон талаар гарчээ. Энэ мэдээлэл үнэн эсэх, замын ажил бүрэн дууссан уу гэдгийг тодруулахаар ажил гүйцэтгэж байгаа “DRJ” компанийн удирдлагуудтай уулзлаа.
Ингээд “DRJ” компанийн гүйцэтгэх захирал Д.Батмөнхээс тодруулга авлаа.
-Танай компаниӨлзийт хорооллоос Шувуун фабрик чиглэлийн 9.06 км автозам барих ажлын концесс эзэмшигчээр шалгарч, автозамын ажлыг эхлүүлээд явж байгаа. Хэвлэлээр танай компанийг тус чиглэлд чанар муутай зам тавьсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Манай компани Өлзийт хорооллоос Шувуун фабрик чиглэлийн 9.06 км автозам барих ажлын концесс эзэмшигчээр шалгарч 2014 оны тавдугаар сараас эхлэн автозамын барилгын ажлаа эхлүүлээд явж байгаа.Концессын гэрээнд тусгаснаар энэхүү төслийн үргэлжлэх хугацааг 24 сар гэж тусгасан. Харин нийслэлийн Автозамын газартай байгуулсан гэрээнд 2015 оны долоодугаар сард хүлээлгэн өгөхөөр тусгасан байгаа юм. Тэгэхээр автозамын ажил дуусаагүй гэж ойлгож болно.
–Автозамын ажлыг бүрэн дуусгаагүй байж хөдөлгөөний урсгалыг нээчихсэн шүү дээ. Зам засварын ажлыг бүрэн дуусгаагүй байж нээж болдог юм уу?
-Бид 2014 онд тус замын ажлыг 70 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр дуусгаж, хөдөлгөөнийг нээсэн. Өөрөөр хэлбэл, 10 см-ын зузаантай харлуулсан дайрган суурь хийж дуусаад, хөдөлгөөн нээсэн гэсэн үг юм. Энэ нь нэг талаар технологи зөрчсөн хэрэг. Гэхдээ бид автозамын хөдөлгөөний нээсний дараагаар тодорхой эвдрэл гарна гэдгийг урьдчилан тооцоолсон байсан. Өлзийт хорооллоос Шувуун фабрик хүртэлх чиглэлд оршин суудаг иргэдийн ая тухтай байлгах үүднээс зорчих урсгалыг нээсэн.
–Уг чиглэлийн автозам эхнээсээ эвдрэл үүссэн гэж байгаа. Автозамын ажлыг бүрэн хийж дуусаагүй байхад зорчих урсгалыг нээснээс болж үүссэн эвдрэлийг хэн хариуцах вэ?
-Автозам бүхэлдээ эвдэрсэн юм шигээр хэвлэлээр бичсэн байсан. Ийм зүйл байхгүй л дээ. Технологийн талаас нь ярих юм бол харлуулсан дайрга бол ширхэглэлийн бүрэлдэхүүн, орц найрлагаараа илэгдлийн үе болон суурь асфальтийг гүйцдэггүй. Автомашины хөдөлгөөний үед үйрэх магадлал ихтэй суурь үе гэж ойлгож болно. Тиймээс хөдөлгөөний эрчим ихтэй, эхний нэг км замд бага зэргийн эвдрэл үүссэн. Түүнээс биш автозам бүхэлдээ эвдэрчихсэн гэж ойлгож болохгүй юм.Манай компанийн зүгээс үлдсэн зам барилгын ажлыг ирэх гуравдугаар сараас эхлүүлнэ. Бид харлуулсан дайргын суурин дээр 5 см-ын зузаан асфальтан хучилт хийнэ.
-Автозамын ажил дууссаны дараагаар тохижилтын ажлыг хийх үү?
-Автозамын гэрэлтүүлэг, тэмдэглэгээ, төмөр хашлага зэрэг тохижилтын ажлууд мөн ирэх сараас эхлээд хийгдээд явна. Дашрамд хэлэхэд Өлзийт хорооллоос Шувуун фабрикийн чиглэлд манай компанийн хийж буй замын ажил бүрэн дуусаагүй байгаа. Ажил ирэх сараас хийгдэхээр төлөвлөгдөөд бэлтгэл ажлаа хангаад явж байхад хоёр сарын “нас”-тай зам хийсэн мэтээр гуйвуулж болохгүй болов уу гэж хэлмээр байна.
“DJR” компанийн удирдлага дараах тайлбарыг өглөө. Тэгэхээр тус компанийн хийж байгаа замын ажил бүрэн дуусаагүй, харин ажил ирэх сараас үргэлжлэн хийгдэх юм байна. Нийслэлийн Автозамын газрын Зам барилгын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн мөн тус чиглэлийн замын ажил дуусаагүй байгаа гэдгийг хэлсэн юм. Ажлын явц бүрэн дуусаагүй байхад хөдөлгөөнийг нээсэн. Үүнээс болж ч эвдрэл үүсэж мэднэ гэдгийг ажил гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байсан болохыг Б.Жаргалдүүрэн мэргэжилтэн хэллээ.Өлзийт хороолол Шувуун фабрикийн чиглэлд амьдардаг оршин суугчид уг замын ажлыг бүрэн ашиглалтад орсон гэж ойлгож болохгүй аж. Зам барилгын ажил ирэх сараас эхэлж, долоодугаар сард хүлээлгэн өгөх ёстой юм байна.
Ц.Нандин
эх сурвалж: zaluu.com