МХЕГ-аас ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай хамтран “Эбола болон бусад хил дамжин халдварлах эрсдэл өндөр халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ” сургалтыг Иргэний харъяалал, шилжих хөдөлгөөний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штаб, зарим боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн удирдлага, улсын байцаагчид, хил бүхий аймгуудын ЭМГ-ын халдвар судлагч их эмч нарын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж байна.
Дэлхий дахинд шинэ болон сэргэж гарч буй халдваруудын талаарх цаг үеийн мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд хил дээр ажиллаж буй байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, уялдуулахад тус сургалт чиглэгдэж байгаа юм.
Улмаар хилийн боомт дээр аливаа нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед салбар дундын байгууллагуудын уялдааг хангаж, хамтарсан уулзалт, сургалтыг тогтмолжуулахаар төлөвлөөд байна.
Эбола вируст халдварын цаг үеийн мэдээлэл:2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаардэлхийн 10 улсад нийт 23795 хүн өвчилж, 9553 хүн (40.5%) нас баржээ. Зөвхөн энэ сарын 18-наас хойш гэхэд шинээр халдвар авсан 410 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 224-өөр нэмэгдсэн байна. Түүнчлэн Ойрхи Дорнодод мерскоронавирусын халдвар, БНХАУ-д шувууны томуугийн хүний өвчлөл бүртгэгдсээр байна.