Монгол улсын Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа 345 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон юм.
Тэтгэвэр нэмэхэд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ахмад настнууд ирэх долоо хоногоос эхэлж нэмэгдлээ авах юм. Тодруулбал, тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, гуравдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа. Улаанбаатар хотын ахмадууд тэтгэврээ сар бүрийн эхэнд авдаг. Тиймээс нийслэлд амьдардаг ахмадууд ирэх долоо хоногт тэтгэврийн нэмэгдлээ авна гэсэн үг юм. Харин аймаг, сумын ахмадууд сарын сүүлээр тэтгэврийн нэмэгдлээ авч эхэлнэ.
2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 000 (хоёр зуун гучин мянга) төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 195 000 (нэг зуун ерэн таван мянга) төгрөг байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд нийтдээ 94.6 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэвэр 26.0 мянган төгрөгөөр өсч, 283.0 мянган төгрөгт хүрнэ гэж албаныхан мэдээлж байна.