Өнөөдөр нийслэлийн хэмжээнд төв талбайд болон Зайсангийн бурхны хөшөөний дэргэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж зул өргөж хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
4-хэн настай балчирхан охин алаг эрээнтэй хүний хорвоод хэсэгхэн зуур саатахдаа бяцхан биендээ даамгүй их зовлон бэрхшээлийг туулан тэнгэрийн оронд одсон нь Монголчуудыг сэрээх шиг л боллоо. Иргэд цахим сүлжээгээр өөрсдийн хэмжээгээр дуу хоолойгоо илэрхийлж, далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөгсөд зориг орж илчилж эхэллээ. Урлаг соёлын алдартнууд, ТББ, сонирхлын бүлгүүд нэгдэж хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж байгаагаа илэрхийлж байна.
Тэгвэл өнөөдөр орой 18 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн хүчирхийллийн эсрэг цуглааны талаар зохион байгуулагч болох “Лантуун дохио” ТББ-аас мэдэгдэл гаргалаа.
Энэхүү мэдэгдэлд:
“Маргааш бол ЖАГСААЛ БИШ ТЭМЦЭЛ БИШ тайван байдлаар явагдах “Цагаан цуглаан” юм. Эмгэнэлийн, гашуудлаа илэрхийлэх арга хэмжээг бид даруухан, гэхдээ зохион байгуулалттай хийх хэрэгтэй юм. Энэ арга хэмжээнд хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагыг эмх замбараагүй байдал гаргахгүй, элдэв ондоо зүйлд турхирахгүй, талийгач охиныг хүндэтгэж оролцохыг уриалж байна. Жагсаал болоод цуглаан хоорондоо ялгаатай. Дүрэм журмаараа цуглаан зохион байгуулахад эмх замбараагүй байдал, хулгай, танхай гарахаас сэргийлж цагдаагийн байгууллага хамтарч ажилладаг. Нийслэлээс дэмжиж цагдаагаас хамтарч ажиллаж байгаа бөгөөд онцгой байдлын газраас “Гал гарахаас сэргийлсэн” зөвлөмж өгнө. Энэ бүхнийг хийхэд хөгжим аппаратур хэрэгтэй. Учир нь олон хүнд мэдээлэх, зохион байгуулалтанд ороход хэрэг болно. Тайван байдлаар хүүхдийн эрхийг дахиж зөрчүүлэхгүй байх зорилгоор төрөөс авах ёстой арга хэмжээг нь шаардсан “Шаардлага боловсруулж” гарын үсэг цуглуулна. Зурах үгүй нь хувь хүний эрх чөлөө. Мөн гэр бүл, эцэг эхүүдийг хариуцлагатай байх талаас нь 40-60 хэмжээтэй уриалга анонс бэлдэж хүссэн хүмүүс нь зургаа авахуулан бусдыг уриалж болно. Ямар ч хандив мөнгөний тусламжийн үйл ажиллагаа явуулахгүй. Бидэнд туршлага дутаж, алдаа дутагдал гарч магадгүй харин буруу сэтгэл үгүй шүү.
Лантуун дохио ТББ” гэсэн байна.
Төрсөн эцэг, хойт эх нь 4 настай хүүхдийг үхэлд аваачтал нь зодуураар тамласан эл хэрэг явдлаас улбаалан олон нийт өөр өөрийнхөөрээ нэгдэж байна.
Тухайлбал энэхүү үсчин залуу өөрийн ажлын байрандаа “Хүүхдэд ээлтэй хөрш байцгаая” уриалгыг түгээгээд эхэлжээ. Мөн твиттер, фэйсбүүк хэрэглэгчид цахим орон зайн зургаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг, би хүүхдээ хүчирхийлдэггүй аав, ээж гэх зэргээр сольж дуу хоолойгоо илэрхийлж эхэллээ.
Дашрамд дурдахад Чингисийн талбайд 18 цагаас болох үйл ажиллагаанаас гадна өнөөдөр twitter хэрэглэгчид Зайсан дахь бурхантай хөшөөнд 1000 зул өргөх үйл ажиллагаа явуулах юм. Дархан хотынхон 50-р цогцолбор дээр , Багануур, Төв, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь аймгийн залуус төв талбай дээрээ 18 цагаас цуглаж зул өргөнө. Мөн фэйсбүүкийн авто машин хэрэглэгчдийн группууд авто клубууд стикер нааж хотоор цуваагаар явах аж.
Г.Эрдэм