Эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадваржуулахад төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь “Зөвлөлдөх уулзалт өнөөдөр “Монгол японы төв”-д боллоо.
Уулзалтанд эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
Энэ уулзалтаар Нийгмийн анхаарлын гадна орхигдоод байгаа өрх тэргүүлсэн, 35-аас дээш насны олон хүүхэдтэй, ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйн улмаас ажил эрхлэх боломжгүй эмэгтэйчүүдийг чадваржуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг уулзалтанд оролцогчид онцоллоо. Амьдралд тохиолдох олон бэрхшээлийн өмнө эмэгтэйчүүд зарим тохиолдолд хүчгүйдэж, өөрийгөө хамгаалж үг хэлж чадахгүй, өөртөө итгэлгүй, өнөөгийн зах зээлийн нийгэмд өөрийгөө болон гэр бүлээ тэжээгээд явах чадвар сул байгаагаас хамаараад дээрх бүлгийн эмэгтэйчүүд ядууралд өртөх эрсдэл өндөр байна. Эмэгтэй хүн бүр өөрийгөө, гэр бүлээ, нийгмээ өөрчлөх хүсэл эрмэлзэл, хүч чадалтай байдаг учир эмэгтэйчүүд хүчтэй байснаар нийгмийн хөгжил урагшилна. Тиймээс зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллахын тулд төр болон төрийн бус байгууллагууд нэг нэгээрээ биш нэгдэж дуу хоолойгоо гаргах, төрд тэднийг хамгаалсан үгийг хүргэж, олон эмэгтэйчүүдэд хүрч, тэдний амьдралд эерэг өөрчлөлт авчирч чадна гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Монголын эмэгтэйчүүдийн сангааас хамтран зохион байгуулсан Зөвлөлдөх уулзалтанд оролцогсод үзэж байна.
Л.Цэрэндолгор