Солонгос улсад эмчлүүлж байгаад эх орондоо саяхан ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахыг завдсан тухай мэдээлэл олныг шуугиулж байна. Энэ тухай Н.Энхбаяр өөрөө бас тайлбар хийж буй. Тэрбээр, улс төрийн зорилгоор намайг шалгах нь утгагүй зүйл гэсэн юм яриад байгаа. Харин өнгөрсөн намар түүнийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байв. Энэ нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх “Империал Гоулд” компанийн өмчлөлийн байрыг Н.Энхбаяр намдаа Америкийн иргэн А.Генсбург гэгчээс худалдан авсантай холбоотой ажээ. Анх 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь төлж чадаагүй байсан юм байна. Тиймээс А.Генсбург нь онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн цагдаад гомдол мэдүүлснээс энэ хэрэг үүссэн юмсанж. Тэгвэл Н.Энхбаяр нь “Энэ бол эрүүгийн асуудал биш. Иргэний журмаар шийдэх зүйл” гээд байгаа юм. Гэвч бас иргэн Бат-Эрдэнэ гэгчээс 1.2 сая доллар залилж авсан гэсэн гомдол ч цагдаад очжээ. Дээр нь мөн АТГ-аас Н.Энхбаярыг өөр төрлийн хэргээр шалгах шаардлагатай гэсэн байна. Тиймээс Н.Энхбаярыг “хилээр гарч явахыг хориглосон” хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж буй ажээ. Гадаад руу зорчих эрхийг ийнхүү хязгаарласан нь цаанаа учиртай биз ээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn