М.Батчимэг: Аюулгүй байдал, хууль сахиулах салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал байна

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-аас хамтран зохион байгуулж буй “Хилийн аюулгүй байдал ба менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо – өнөө ба ирээдүйн манлайлагчид” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлагад оролцлоо.

IMG_7383Тэрбээр УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн жил тутмын хуралдаанд оролцох үеэр Монгол-ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг хууль сахиулах, цагдаагийн чиглэлээр өргөжүүлэх, ХСИС-ийг түшиглэн бүс нутгийн сургалт, судалгааны төв байгуулах, улмаар ЕАБХАБ-ыг Европ, Азийн түнш орнуудыг холбох гүүр болгон бэхжүүлэх зэрэг асуудлыг удаа дараа дэвшүүлж байсан юм. Эдгээр санал санаачилга эхнээсээ бодит ажил болон хэрэгжиж байгаад тэрбээр сэтгэл хангалуун байгаагаа уулзалт ярилцлагын үеэр илэрхийлсэн юм.

“Дэлхий дахинд аюулгүй байдлын асуудал улам цогц шинжтэй болж, хүний аюулгүй байдлын асуудал өргөнөөр хөндөгдөх болсон өнөө үед аюулгүй байдал, хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн мэргэшил, ур чадвар, оролцоог дэмжих нь зөвхөн жендэрийн асуудал бус нийгмийн хэрэгцээ шаардлага болж байна” гэдгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг дугуй ширээний ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрбээр уулзалтын үеэр цагдаа, хил, гааль зэрэг хууль сахиулах байгууллагыг төлөөлөн оролцсон эмэгтэйчүүдтэй санал бодлоо хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүллээ.

IMG_7483Уг сургалт энэ долоо хоногийг дуустал ХСИС дээр үргэлжлэх бөгөөд ЕАБХАБ-ын төлөөлөгчид ирэх долоо хоногт Хууль зүйн яамтай хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийх юм.
Дашрамд дурдахад, манай улсын хувьд ЕАБХАБ-ын хамгийн отгон гишүүн болсон бөгөөд өнөөдөр тус байгууллагын дэргэдэх Аюулгүй байдлын форумыг даргалах хүндтэй үүргийг гүйцэтгэж байна. Түүнчлэн ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хуралдааныг Улаанбаатар хотноо 9 дүгээр сард хийхээр төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …