ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “ITB Berlin-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт эхлэхтэй холбогдуулан уг үзэсгэлэнг зохион байгуулагч “Месси Берлин” компанийн ерөнхийлөгч Кристиан Көкэ, уг үзэсгэлэнгийн албан ёсны түнш орон Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Германы Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Фрэнгл, Германы Тур операторуудын холбооны ерөнхийлөгч Норберт Фийбег нар “Месси Берлин” цогцолборын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд “ITB Berlin-2015”-ыг сурвалжлахаар ирсэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 300 гаруй сэтгүүлчид оролцлоо.
Анх удаа албан ёсны түнш орноор оролцож буй “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монгол Улс нүүдэлчдийн язгуурын соёлыг тээгчид буюу “Mongolia nomadic by nature”уриатайгаар оролцож байгаа. Тийм ч учраас дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд хийсэн хэвлэлийн бага хурал дээр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Монгол Улсыг 2015 онд “ИТБ Берлин” үзэсгэлэнгийн албан ёсны Түнш орноор урьж оролцуулж байгаад талархал илэрхийлж, нүүдэлчдийн язгуур өлгий нутагт XXI зуунд саатан морилох үүд хаалгыг нээж байгаа “ITB Berlin-2015” үзэсгэлэнд оролцож байгаадаа нэн баяртай байгаагаа хэлсэн юм. “Месси Берлин” компанийн ерөнхийлөгч Кристиан Көкэ-ийн мэдээлснээр, энэ жилийн “ITB Berlin” үзэсгэлэнгийн талбайнууд хамгийн хурдан зарагдаж дууссан нь эхэлж хүргэх сайхан мэдээ гэнэ. Дэлхийн 186 орныг төлөөлсөн 1096 аж ахуйн нэгжүүд уг үзэсгэлэнд оролож байна. Жил бүр дэлхийн аялал жуулчлалын энэ том үзэсгэлэнг зохион байгуулдгийн хувьд Герман улс аялал жуулчлалын үзэслэнгийн чиглэлээр үргэлж шилдэг нь байх бодлоготой ажилладгаа мөн хэллээ. Тус улс 2014 онд 6.5 тэрбум еврогийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн борлуулсан ба жил бүрийн “ITB Berlin” үзэсгэлэнгийн дараа аялал жуулчлалын шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрч, шинэ зах зээлүүд нээгдэж байгаа ажээ. Ялангуяа өнөө жилийн хувьд уг үзэсгэлэнд хамгийн олон орон оролцож байгаа ба Монгол Улс анх удаа түнш орноор оролцож буйг онцлууштай үйл явдал гэж эрхэм Кристиан Көкэ хэлсэн юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж үлдсэн, гэхдээ орчин үеийн хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжиж буй Монголын тухай богино хэмжээний киног сэтгүүлчдэд үзүүллээ.
“ITB Berlin-2015” үзэсгэлэнгийн нээлтийн хэвлэлийн бага хуралд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хийсэн мэдээллийг хүргэе.
…Монгол улс бол эрчимтэй хөгжиж буй, нууцлагдмал, байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн цөөн орны нэг мөн. Монгол Улс 1990 оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжин орж, олон тулгуурт эдийн засгийн салбаруудыг хөгжүүлсний нэг тод жишээ нь аялал жуулчлалын салбар билээ. 60 жилийн түүхт Монголын аялал жуулчлалын салбар эдүгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 5,3 хувийг бүрдүүлж, сүүлийн жилүүдэд дунджаар 450 мянга орчим жуулчин хүлээн авч байна.
Одоогоор Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод 2015 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэх, Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг үндэсний тэргүүлэх салбарын хэмжээнд тавьж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлж, 2020 он гэхэд өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 80-д хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх тодорхой зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”-ыг батлуулан, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Тогтвортой аялал жуулчлалын төлөвлөгөө”, “Тусгай сонирхлын аялал жуулчлалын төлөвлөгөө”-г боловсрууллаа.
Бид дэлхийн жуулчдын Монголд аялах нөхцөлийг хангахын тулд дараах ажлуудыг хийж байна:
- 2014 оны байдлаар Бангкок, Берлин, Бээжин, Истанбул, Парис, Москва, Сингапур, Сөүл, Токио, Хонг Конг, зэрэг олон улсын 10 гаруй чиглэлд түүнчлэн бусад захиалгат болон тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэж байна.
- 2017 онд Монгол Улсад жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Олон улсын онгоцны буудал ашиглалтад орно.
- Жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2014 онд дэлхийн 42 улс орноос ирэх жуулчдыг Монгол Улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр нийт 60 улсын иргэд визгүй зорчих эрхтэй болоод байна. Мөн Оросын Холбооны Улстай иргэд харилцан визгүй зорчих гэрээг байгууллаа. Үүний үр дүнд Оросын Холбооны Улсаас ирэх жуулчдын тоо 2015 оны эцэст 2 дахин нэмэгдэхээр байна.
Монгол Улс ИТБ Берлин 2015 олон улсын үзэсгэлэнгийн Түнш орноор“Mongolia.Nomadic by Nature” гэсэн аялал жуулчлалын нэгдсэн уриа үгийн дор оролцож байна.
Монголчууд бидэнд баялаг түүх, энгийн бөгөөд агуу нууцууд, гайхамшигт зүйлс их бий. Их талын нүүдэлчид байгальтайгаа зохицон амьдарч, эх дэлхийг хайрлах үзлээ зан үйл, ёс заншилдаа шингээн, мянга мянган жилээр үр хойчдоо өвлүүлж ирсэн юм.
Монголын нүүдэлчин ард түмэн хүн төрөлхтний түүхэнд хосгүй соёлын өвийг хадгалан үлдээж, дэлхийн улс түмний соёл иргэншилд өөрийн хувь нэмрээ оруулж иржээ. Тухайлбал, монгол уртын дуу, морин хуурын аялгуу, монгол биелгээ, монгол тууль,монгол хөөмий, монгол цоор,монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-битүү амьсгаа, эрийн гурван наадам, шагайн харваа, шувуучлахуй буюу бүргэдийн ан, монгол гэр, монгол уран бичлэг, зэргийг ЮНЕСКО-гийн соёлын биет болон биет бус өвд бүртгүүлснээс гадна Хүннү улс, Түрэг улс, Их Монголын эзэнт гүрэн зэрэг нүүдэлчний түүхэнд байгуулагдаж ирсэн, томоохон гүрэн улсын дурсгалыг хадгалсан Орхоны хөндий, байгалийн хосгүй тогтоцтой Увс нуурын ай сав, Алтайн нурууны хадны зургийн цогцолбор зэрэг газар нутгийг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн байдаг билээ.
Цэнгэг устай үзэсгэлэнт нуурууд, үүлс баганадсан ноён оргилууд, өөр гараг мэт говь нутаг, мянганы түүхийг өгүүлэх хадны сүг зургууд, сувд мэт тархсан эртний хотуудын туурь, сүм хийдүүд, хөшөө дурсгал зэрэг шагшим зүйлс Монголд их бий. Хамгийн чухал нь энэ нутагт энх тайван ч, нээлттэй тэр хэрээр зочломтгой, халуун дотно сэтгэлтэй, дэлхийн соёлтой хөл нийлүүлэн амьдарч буй нүүдэлчдийн хэв маяг оршин бий. Энэ утгаараа дэлхийн олон жуулчид биднийг зорин ирдэг билээ.
Үзэсгэлэнгийн 26C хэсэгт Монгол Улсын нэгдсэн талбай, 4.1-д монголын адал явдалт аяллын талбай, төв хаалганы урд талбайд 80 гаруй хүний багтаамжтай монгол гэрийг байрлуулан оролцож байна.
Монгол Улсаа төлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, 70 орчим аялал жуулчлалын компаниуд, урлаг соёлын салбарын нийт 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.
ИТБ Берлин 2015-д Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны зүгээс Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, үзэсгэлэнд оролцож буй улс орнуудын аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллагууд, Мессе Берлин ХХК-тай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Эдгээр өдрүүдэд бид Монголын аялал жуулчлалын хөгжлийн талаарх форум, дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон семинарууд, хэвлэлийн бага хурлууд, тусгай сонирхлын, MICE аялал жуулчлалын тухай хэлэлцүүлэгт оролцоно.
ИТБ Берлин 2015 олон улсын үзэсгэлэнд Монгол Улс Түнш орноор оролцсоноор Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, Монгол Улс зайлшгүй зорин очих улс орнуудын нэг гэдгийг дэлхий нийтэд таниулах, Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтыг хэрэгжүүлэх, Монголын аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх өргөн боломж бий болно гэж найдаж байна.
Та их эзэн Чингис хааны өлгий нутаг болсон Монголын сайхан оронд зочлон, нүүдэлчин ахуйтай танилцаж, ард түмний зочломтгой занг биширч, зах хязгааргүй тал нутгаар хурдан морьдыг хөлөглөн давхиж, нүүдэлчин түмний аз жаргалын нууцыг нээгээрэй.
Таны хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм аялал миний эх оронд байх болно.
Монгол Улсад тавтай морилно уу.
БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба