Ховд аймгийн Булган Үенч суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тухайн сумдад мэргэжлийн анги албад, эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласаар байна. Булган сумын Баянгол багийн Доод нарийн, Булган сумын төв Бүрэнхайрхан багийн Баазын лагер, Үенч сумын Жаргалан багийн Цагаан дэрс, Үенч сумын Улиаст багийн Чацаргантын харз гэсэн 4 газар малын гоц халдварт шүлхий өвчний 4 голомт бий болоод байгаа юм байна. Одоогоор хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд 2 суманд нийтдээ 15 пост ажиллаж байна.
Шүлхий өвчний голомтыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс Үенч, Алтай сумын зааг дээр өнөөдрөөс Хээрийн штаб байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Өчигдрийн байдлаар Булган Үенч сумдын 20 гаруй малчин өрхийн 729 мал шүлхий өвчнөөр өвчилсөн буюу сэжигтэй гэсэн тооцоо гарч байсан бол өнөөдрийн 14 цагт авсан мэдээгээр 743-д хүрч энэ өглөө Үенч сумын Улиаст багийн Чацаргантын харз гэх газар шүлхийн голомтонд 1 үхэр үхсэн гэсэн мэдээлэл байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр шүлхийн вакцин одоо болтол орон нутагт хүргэгдээгүй байгаа аж.
Г.Эрдэм