Сонгуулийн Ерөнхий хорооны зарим гишүүд тангараг өргөлөө

DSC_8270Монгол Улсын Их Хурал Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханыг мөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Рэнцэнгийн Содхүү нарыг тус тус томилсон билээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж холбогдох хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны зарим гишүүний тангараг өргөх ёслол өнөөдөр /2015.03.04/ Төрийн ордонд боллоо.

DSC_8274Тэднийг Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээр тангараг өргөсөн юм. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей тэдэнд хандаж хэлсэн үгэндээ, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэж байна гээд цаашдынх нь ажил амжилт хүсэв.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Содномцэрэн нь Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийнхөө гараагаа эхэлж дараа нь ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, ректораар ажиллаж байжээ. Тэрээр 1999 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын гишүүн-ХААҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байгаад 2009 оноос Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, даргаар тус тус ажиллаж байна.

DSC_8305Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон Ц.Болдсайхан нь Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж улмаар Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын район, Улаанбаатар хотын АДХГЗ-нд, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг алба хашиж байжээ.

Р.Содхүү нь 1996-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, дараа нь Монголын хрөнгийн бирж ХК-ны захирал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, Улсын статистикийн хорооны дэд дарга зэрэг алба хашиж байгаад Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ийнхүү томилогдлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …