УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар өнөөдөр /2015.03.05/ сэтгүүлчдэд тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 хууль, 4 тогтоолын төсөл, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай 5 асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээлсэн.
Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд бие даасан 4 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 15 хууль, хүчингүй болсонд тооцох тухай 2 хууль, 4 УИХ-ын тогтоолыг нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлуулсан байна.
Номын сангийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай зэрэг бие даасан хуулиудыг батлан гаргасан нь эрүүл мэндийн болон боловсрол, шинжлэх ухааны салбарт чухал ач холбогдолтой болсныг Байнгын хорооны дарга онцолсон юм.
Түүнчлэн Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанд 31 санал, дүгнэлт, 6 танилцуулга, 240 саналын томьёолол бэлтгэн танилцуулсан байна.
Намрын чуулганы хугацаанд Байнгын хорооноос 9 тогтоол баталсанаас ажлын хэсэг байгуулах тухай 8, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу “Эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх тухай” нэг тогтоолыг баталж, Засгийн газарт холбогдох асуудлаар чиглэл өгчээ. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг 23 удаа хуралдаж, 12 ажлын хэсгийн танилцуулга, хуралдааны 20 орчим тойм бэлтгэсэн байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд байгууллага, иргэдээс хандаж ирүүлсэн 13 өргөдөл, гомдол, 113 албан бичигт хуулийн хугацаанд зохих хариу өгсөн бөгөөд 80.9 хувийн биелэлттэй байгаа аж.
Байнгын хорооноос УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар 6 хэлэлцүүлэг, 2 зөвлөлдөх уулзалт, нэг сургалт, 18 уулзалт, ярилцлагыг тус тус зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг холбогдох хуулийн төсөлд тусгаснаас гадна зөвлөмжийг холбогдох яам, байгууллагад хүргүүлжээ.
Тухайлбал, “Дархлаажуулалтын хууль эрх зүйн орчин санхүүжилтийн тогтвортой байдал”, “Эрүүл элэг-Эрүүл чийрэг монгол хүн”, “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл”, Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг холбогдох яамдтай хамтран зохион байгуулсан байна.
Байнгын хороо Зам, тээврийн яамны барилгыг эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалтаар ашиглах боломжтой эсэх болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирсэн хүсэлтийн дагуу Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг албан конторын зориулалтаар ашиглах тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг судлах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах зорилго бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж, ажлын хэсгийн тайланг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна. Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга, гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.