Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх 26 жилийн түүхтэй Залуучуудын Хөгжлийн ПОЛИСИ төв нь сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус төвөөс олон улсын хөтөлбөр болох “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛСЫН ХАРАА” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлох, байр суурийг нэмэгдүүлэх,эмэгтэйчүүдийн манлайлах чадварыг дээшлүүлэх,гэр бүл дэх эмэгтэйчүүдийн оролцоо болон гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, мөн залуу эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлох зорилготой юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Сургалт Судалгааны ПОЛИСИ төв Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийн өдөрт зориулан орон нутгийн эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон талт хөтөлбөрийг зохион байгуулахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Эхний ээлжинд Булган аймгийн эмэгтэйчүүдийн алсын харааг тодорхойлохоор ажиллаж байгаа юм.Өнөөдөр Булган аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлэг, Аймгийн ЗДТГ, агентлагуудын эмэгтэй ажилчдад “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ БА ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛСЫН ХАРАА” сэдвээр сургалт орж байна. Сургалтын багийнхан дараагийн аймгаар Хэнтий аймгийг сонгожээ.