Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан 4 настай охины асуудлаар “Ээж бүхний дуу хоолой” группээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 2015 оны 2 сарын 26-ны өдөр цахим сүлжээгээр 4 настай охин өөрийн эцэг болон хойд эхийн гарт хэрцгийгээр хөнөөгдсөнийг ээжүүд олж мэдээд маш их бухимдан гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээжээ. Нэгэнт өнгөрсөн хэргийн хойноос халаглан яваад байгаагийн шалтгаан нь иймэрхүү хүчирхийллийн гэмт хэрэг цаашид дахин битгий давтагдаасай гэсэн үүднээс янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж төрд мессеж өгч байгаа юм гэдгийн учирлаад “Ээж бүхний дуу хоолой групп”-ын зохицуулагч М. Уянга ийн ярьсан юм.
“Бидний үйл ажиллагааны гол зорилго нь: 1.Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан 4 настай охины хэрэг битгий мартагдаасай, бүү давтагдаасай
2.Гэр бүл хүчирхийллийн тухай хууль, Хүүхэд хамгаалах хуулиудыг олон нийтийн хэлэлцүүлгээр оруулан батлах
3.Бүх нийтээрээ хариуцлагатай нийгмийг хамтдаа бий болгох юм. Иймээс бид одооноос дуу хоолой, зорилгоо нэгтгэхгүй бол дахиад ийм хэрэг давтагдана, нэг эмэгтэй, нэг ээж, нэг хүүхэд амиа алдана. Тэр үед бид дахиад зул өргөх үү? Тайван жагсах уу? Ингээд л мартах уу? Ийм байх ёсгүй. Эмэгтэйчүүд, хүүхдийг хүчирхийлдэг бусармаг байдлыг уг үндсээр нь, хууль тогтолцоогоор нь засаж өөрчлөх хэрэгтэй” гэв.
Хүний эрхийн хуульч М. Ичинноров: “Хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаатай холбогдуулан хүүхдийн байцаагчтай болох ёстой. Мөн эмнэлгийн ажилчдын хариуцлагыг сайжруулах, хөрш айлуудын үүргийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иймээс хүчирхийлэлгүй нийгэмд хувь нэмрээ оруулахыг иргэн бүрт уриалж байна” гэлээ.
мэдэгдэв.
Ийнхүү хаалттай хаалганы цаана хайртай хүмүүсээ тамлахыг ээжүүд эсэргүүцэж, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг анхаардаггүй “харалган” төрд үгээ хэлж байна.
Л.Цэрэндолгор