Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганхуяг нь багш, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, төрийн бус байгууллагын шагналыг мөнгөөр авдаг, хүүхдийн хоолны дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна.
Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус цэцэрлэгт шалгалт хийхэд
“Монголын Бизнес Хөгжлийн Гарц“ төрийн бус байгууллага, “Монголын нийгмийн даатгалд хамрагдагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн Оюу“ нийгэмлэгүүдэд 855.0 мянган төгрөгийг багш ажиллагсдаас хураан авч дээрх 2 шагналыг мөнгө төлж авсан.
Эцэг, эхчүүдээс хандив нэрээр мөнгө хурааж авахдаа хандивын тоо хэмжээг тогтоосон,албадлагын болон тэгшитгэн хураасан шинжтэй байгаа мөн цэцэрлэг хөгжүүлэх сан байгуулах тухай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, сангийн хөрөнгийг хүлээж авах журам албан ёсоор баталгаажин гараагүй байхад 31.250.0 мянган төгрөгийг хурааж авсан боловч хөрөнгийн зарцуулалтын талаар хамт олон, эцэг эхчүүдэд нэг ч удаа тайлангаа тавиагүй байна.
Эрхлэгч Б.Ганхуяг нь Нийслэлийн Боловсролын газрын даргад гадаад улс оронд явах хүсэлтээ гаргаж чөлөө авалгүй эцэг, эхчүүдээс хурааж авсан 10.082.0 төгрөгийг авч няравын хамт БНХАУ-д явж бараа материалаа худалдаж авсан.
Цэцэрлэгийн эрхлэгч нь 2013 оны 10 сард томилогдсноос хойш хамт олондоо нэг ч удаа тайлангаа тавиагүй байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтад заасан “ Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах” заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчлүүд илэрлээ.
Иймээс тус цэцэрлэгийн эрхлэгчид 576.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж,зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өгч, энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэл, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газрын дарга нарт албан тоот хүргүүлэхэд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны Б/25 тоот тушаалаар цэцэрлэгийн эрхлэгчид цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авчээ.
Цаашид цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нарт хууль бусаар хандив хураамж авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас сэрэмжлүүлж байна.