Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, шинэ хэлбэрээр ажиллах шаардлага гарч байгааг МХЭАХНҮХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар VI хурлынхаа үеэр онцлон тэмдэглэсэн бол ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан төр болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, чиг үүрэг, үүсээд буй нөхцөл байдлын талаар үг хэллээ.
Тэрээр Монгол улсын хэмжээнд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх бодит шаардлага бий болсны дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газраас 2009 онд 371 тоот тогтоолоор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан байдаг. Уг хөтөлбөрийн гол зорилго нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах эрх зүйн таатай орчинг бий болгох, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэглээний соёл, дадлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог дээшлүүлэхэд оршиж байсан юм хэмээн дурдлаа.
Мөн ШӨХТГ-т ирсэн өргөдөл гомдлыг ангилж үзвэл барилга, орон сууц, СӨХ, банк, харилцаа холбооны салбарууд зонхилж байгаа бол 2014 онд нийт 2569 өргөдөл, гомдол хүлээн авсны 60 хувь нь хэрэглэгчийн эрхтэй холбоотой гомдол, 25 хувь нь барилга, орон сууцны /метр квадратны зөрүү/ -ний асуудлаар гаргасан байгаа нь дээрх салбаруудад хэрэглэгчийн эрх илүүтэй зөрчигдөж байгааг анхаарууллаа.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад гол барьж ажилладаг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд 1995, 1997, 2002, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2003 онд шинэчлэн найруулсан хэдий ч уг хууль нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой шинээр бий болсон нийгмийн харилцааг зохицуулж, өнөөгийн цаг үеийн шаардлагыг хангаж чадахгүй болоод байна. Мөн 2008 онд тус хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангах гол чиг үүргийг төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байсныг өөрчилж хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага байхаар шинээр тусгаж, улмаар төрийн бус байгууллагын зарим чиг үүргийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагад шууд шилжүүлсэн нь хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхойгүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх боллоо гэдгийг ч ний нуугүй өгүүлсэн юм.
Дээрх нөхцөл байдлаас үүдэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, гомдол, саналыг шийдвэрлэх, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдагчийн хариуцлагыг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг бодитоор шийдэх, төрийн бус байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас онцгой анхаарч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулахын төлөө ажиллаж байгаагаа онцгойлон тэмдэглэлээ.