Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм.
Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд ба тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэх ба мөн энэ хүрээнд “Залуу бизнес эрхлэгч, манлайлагч залуучуудын уулзалт”, “Зүүн Хойд Азийн залуучуудын уулзалт” гэсэн 2 томоохон чуулган болохоор болжээ.
Энэ жилийн чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилт”–д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм.
2013 оны Азийн Залуучуудын Зөвлөлийн XII Ерөнхий Чуулган Камбодж Улсад зохион байгуулагдсан бөгөөд энэхүү чуулганаар Монголын Залуучуудын Холбоо дараагийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг авсан юм. Энэ чуулганаар 4 жилд нэг удаа сонгогддог Удирдлагын бүрэлдэхүүний сонгууль болохоороо онцлог юм.
Монгол улс нийгэм, эдийн засаг, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр Азидаа төдийгүй олон улсад танигдаж буй нь энэхүү чуулганд оролцогчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Түүнчлэн Монголын Залуучуудын Холбоо нь чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа нь Монгол Улсыг гадаадад таниулахын зэрэгцээ Монголын залуучууд олон улсын арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулахад томоохон туршлага болж байна.
Азийн Залуучуудын Зөвлөл нь 1972 оны 8-р сарын 14-нд үүсгэн байгуулагдсан бүс нутгийн, төрийн бус залуучуудын байгууллага бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд зорилго чиглэл нэгтэй залуучууд, залуу манлайлагчдыг нэгтгэсэн байгууллага юм. Азийн Залуучуудын Зөвлөлд өөрийн орны засгийн газарт хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний залуучуудын байгууллагууд гишүүнээр элссэн байдаг. Монголын Залуучуудын Холбоо нь 1993 оны 4-р сард Дэлхийн Залуучуудын Ассамлейн гишүүн, 9-р сард Азийн Залуучуудын зөвлөлийн гишүүнээр тус тус элсэж байжээ.
Энэхүү чуулганд Монгол Улсад сурч ажиллаж байгаа Азийн орнуудын оюутан залуучууд, Олон Улсын Байгууллагуудын төлөөлөл, Монголын талаас төрийн болон ТББ-дын төлөөлөл, хувийн хэвшлийнхнийг урьж байгаа бөгөөд тус арга хэмжээний үеэр ажиллах сайн дурын ажилтнуудыг ч бүртгэж эхлээд байна.