“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчны шинэчлэлт” нээлттэй хэлэлцүүлгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, томоохон аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.
Уг нээлттэй хэлэлцүүлт өнөөгийн мөрдөж байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад цаг үеийн шаардлага хангаж чадахгүй байгаа учраас зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлт хийх нөхцөл тулгараад байгаа тухай асуудлыг хөндлөө.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Манай байгууллагад хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байгаа өргөдөл гомдлын тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа байдлаа зогсоодоггүй, торгуулиа төлөөд зөрчлөө үргэлжлүүлж байна. Иймд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, гомдол саналыг шийдвэрлэхэд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх захиргааны шийтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна” хэмээн онцоллоо.
Харин МХЭАХҮН-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад дан төрийн байгууллага бус төрийн бус байгууллагууд ч оролцож ажиллах шаардлага байна. Хүн бүр хэрэглэгч байдаг, тиймээс хэрэглэгч бүр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахад дуугарах цаг болжээ” гэдгийг тодотгосон юм.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор уг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий төрийн захиргааны байгууллага болон төрийн бус байгууллагын эрх, үүрэг тодорхой болох, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хэрэглэгчдийнхээ өмнө хүлээх хариуцлага сайжирч, энэ ч утгаараа зах зээлд нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага хангагдаж хэрэглэгчийн эрхийн зөрчил буурах томоохон өөрчлөлт, дэвшил гарах нөхцөл бүрдээд байгаа юм.
Б.Анир
эх сурвалж: zaluu.com