Ховд аймгийн Булган Үенч суманд хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн малын тоо 848-д хүрээд байна.
Булган Үенч суманд гарсан олон улсын худалдааны хөл хориот, хүн, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг Ховд аймгаас цаг алдалгүй авч хэрэгжүүлэн хорио цээрийн дэглэмийг чанга сахиж мөрдсөнөөр шүлхийн өвчлөл багасаж байна гэж орон нутгаас мэдээллээ.
Шүлхий өвчин илэрч батлагдсанаас хойш хоногт 20 орчим малаас шинээр шүлхийн өвчлөл илэрч байсан бол сүүлийн 2 хоногийн хугацаанд хоногт 2оо малаас 3 мал шүлхийгээр нэмж өвчлөх болсон байна. Одоогийн байдлаар хорио цээрийн дэглэмийг улам чангатгаж голомтын бүс рүү нэвтрэх, голомтын бүсээс гарахыг хатуу хориглон, шүлхий өвчний тархалтыг зогсоохоор ажиллаж байна.
Мөн 4 сарын 1 хүртэл Ховд аймгаас Ярантын боомт буюу баруун хилрүү зорчихгүй байх, хилийн худалдаа наймаа хийхийг зогсоожээ. Шүлхий өвчний голомтын бүс болох Ховд аймгийн Булган, Үенч сум болон сэжигтэй бүс болох Үенч сумтай хил залгаа оршдог Алтай сумын багуудын малыг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн Үенч суманд вакцинжуулалт 50,8 хувь, Булган суманд 47 хувь, Алтай суманд 56 хувьтай явж байгаа мэдээлэл байна.
Ховд аймгийн Булган, Үенч сум буюу голомтын бүсэд хорио цээрийн дэглэмийг 4 сарын 1 хүртэл тогтоосон хэдий ч иргэд хулгайгаар голомтын бүсээс гарах, голомтын бүс рүү нэвтрэхийг завдах тохиолдол гарч байгааг хээрийн штабууд болон голомтын гадна байрлах постуудаас мэдээлж байна. Нэгэнт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэмийг тогтоогоод байхад иргэд энэ мэт хариуцлагагүй байдал гаргах нь өвчнийг эрүүл бүс рүү тараах, өвчлөлийг нэмэгдүүлэхэд хүргэнэ. Иймээс Шүлхий өвчний голомтын бүс буюу, хориотой бүсрүү нэвтрэх, голомтын бүсээс гадагш гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
Г.Эрдэм