Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөв дэх хөтөлбөр 2012-2016 онд хэрэгжих хугацаанд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал сайжирч, эхийн эндэгдлийн түвшин буурсан.
Жил бүрийн гуравдугаар сарын наймныг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тус өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мари Стопс олон улсын байгууллага хамтран Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв дээр нөхөн үржихүйн насны зорилтот хүн амын дунд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зорилготойгоор зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг сурталчлах” сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт сурталчилгааг зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд “Гэр бүл төлөвлөлт, БЗДХ/ДОХ-ын талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэлт, хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн хамгаалах” талаар өртөөчилсөн сургалтад нийт 75 оролцогч хамрагдлаа. Өртөөчилсөн сургалтын үеэр нийт үйлчлүүлэгчид зориулж бэлгэвч 864, эм 90, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн багц 42, сургалтын материал 600 ширхэгийг тараасан. Сургалтад оролцогчид сонирхсон асуулт асууж, идэвхтэй оролцож байлаа.