Архангай аймгийн нутаг даь Өгий нуурыг мэдэхгүй Монгол хүн байхгүй биз ээ. Сүүлийн жилүүдэд байгалийн тансаг
бүхэн хосолсон энэ нуурын усны түвшин багасч, экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрчээ. Өгий нуурыг усаар тэтгэж байсан “Хөгшин” Орхон гол ч зундаа нуураа хүрэлгүй татарч усаар хангаж чадахаа больжээ. Ийм хүнд нөхцөл улам даамжирвал Өгий нуурын загас жараахай, ургамал устаж, нуур тэр чигтээ байхгүй болох аюултай.
Өгий нуурт одоо зурхай, алгана, шивэр сугас зэрэг найман төрлийн загас үржиж байгаа аж. Загас элбэгтэй тул тэнд хулгайн анчид очиж тор, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан хороох болжээ. Иймээс Өгий нуурыг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх зорилго бухий төрийн бус байгууллагууд бий болсны нэг нь “Өгий сан” юм. Тус сан дан ганц Өгий нуурыг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлэх бус Монголынхоо гол нууруудын экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад анхаарч ажиллаж байна.