“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний дараалал гарчээ. Тухайлбал, өнөөдөр “Оюутан цэрэг-2015” хөтөлбөрийн нээлт болсон бол маргааш буюу бямба гаригт “Алдарт” спорт хорооны зааланд 10.00 цагаас Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд спортын тэмцээн болно. Харин гуравдугаар сарын 15 буюу ням гаригийн 10,00 цагт Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын ажилтнуудын дунд “Нөхөрсөг уулзалт тэмцээн болно. Мөн энэ өдрийн 14 цагаас “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тэгвэл ирэх даваа гаригийн 09.00 цагт Монгол цэргийн музейд Монгол цэргийн хувцасны үзэсгэлэнгийн нээлт болно. Энэ үеэр Монгол цэргийн үе, үеийн хувцас дэлгэгдэх юм байна. Харин энэ өдрийнхөө 11.00 цагаас манай улсад суугаа Оросын Элчин сайдын яаманд Монголын ахмад дайчдад шагнал гардуулах ёслол болно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 300 гаруй ахмадыг шагнахаар болсон билээ. Гуравдугаар сарын 16-ны 13.30 цагт “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Соёлын төв өргөөнд нийслэлийн иргэдтэй хийх баярын хурал болно. Харин мягмар гариг буюу гуравдугаар сарын 17-ны 13.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх бол 14.00 цагт Соёлын төв өргөөнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын хурал, концерт болно. Цэргийн баяр угтсан энэ арга хэмжээнд төр, засгийн удирдлагууд болоод батлан хамгаалах салбарынхан оролцох юм байна.
Эх сурвалж: www.dorgio.mn