“Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг үнэгүйдэж, БНХАУ-ын зах дээр зарагдах боллоо” хэмээн хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг шуугисан. Энэ талаар “Милл кино” компани олон нийтийн сүлжээнд баримттай дэлгэсэн билээ.
Тэд ““Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийг БНХАУ-ын Эрээн хотод ширхэгийг нь 60 юань, бөөнөөр нь 50 юаниар зарж байна. Тиймээс энэ цол тэмдгийг устгах хэрэгтэй. Ер нь үнэгүйдсэн “Соёлын тэргүүний ажилтан” тэмдэг хэрэгтэй юу” хэмээн асуудал дэвшүүлсэн юм.
Хятадын зах дээр зарагдаж байсан “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийн үнийг монгол төгрөгт шилжүүлэхэд нэг ширхэг нь 15000-18000 төгрөг болж байгаа аж. Үнэхээр л, арай ч дээ гэмээр санагдахаар. Жинхэнэ авьяас чадвараараа энэхүү шагналыг хүртсэн хүмүүс ч энэ тэмдгээ зүүж явахаас бараг ичмээр нөхцөл байдал үүссэн гэж хэлж болохоор.
Уг нь “цагийн сайханд” энэхүү хүндтэй шагналыг баргийн “аавын хүү” хүртэж чаддаггүй, урлаг соёлынхны хувьд “мөрөөдлийн шагнал” байсан гэхэд хилсдэхгүй. Урлаг соёлын гал тогоонд чамгүй олон жил чанагдаж байж энэ тэмдгийг энгэртээ зүүх хувь тохиодог байсныг тэр үеийнхэн сайн санаж байгаа.
Тэгвэл, ШӨХТГ-ын шинэ дарга Т.Аюурсайхан тэргүүтэй тус байгууллагын удирдлагууд саяхан урд хөршид ажлын айлчлал хийх үедээ энэхүү үнэгүйдсэн “шагналын” учрыг олж чаджээ. Тэрээр “Соёлын тэргүүний ажилтан” тэмдгийг зарж борлуулахыг зогсоогоод ирсэн аж.
Үндэсний соёл урлагийн эрхэм шагналыг маань үнэгүйдүүлсэн иймэрхүү зүйлд ихээхэн мэдрэмжтэй хандан, ёс бус үйлдлийг таслан зогсоож чадсан ШӨХТГ-ын хамт олонд талархал илэрхийлье!
эх сурвалж: photonews.mn